"Дархан Их урлаг-2" төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
norovsambuu@montsame.mn
2016-01-29 00:55:08

Энэ онд Дархан хот байгуулагдсаны 55 жилийн түүхт ой тохиож байгаатай холбогдуулж ойн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг хуралдав.

Хурлаар иргэдийнхээ оюуны соёлын хөгжлийг дэмжиж мэргэжлийн урлагийн байгууллагуудын бүтээлүүдийг толилуулж сонгодог урлагаар үйлчилж сурталчлах зорилгоор мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтарч “Дархан их урлаг-II” төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Монголын урлагийн ажилтны холбоо, Улсын филармони “Дархан Их урлаг-2” төслийг хамтарч зохион байгуулахаар тогтсон. Дарханчууд ирэх гуравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Улсын филармони шилдэг уран бүтээлүүдээ толилуулах бол зургадугаар сард Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгынхан уран бүтээлийн тоглолтоо өргөн барих юм. Харин есдүгээр сард Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгынхан тоглолтоо сонирхуулахаар төлөвлөжээ. Ийнхүү төвийн урлагийн байгууллагууд Дарханчуудад уран бүтээлийн тоглолтоо цувралаар танилцуулсны дараа Улаанбаатарт Дархан хотоо сурталчлах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Мөн Монгол улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Сэвжидийн нэрэмжит улсын IV уралдааныг тус аймагт зохион байгуулж уг төслийн хүрээнд Монголын урлагийн ажилтны холбоо, Улсын филармониас “Төмөртэй Дархан”-ы дууллыг шинээр найруулж тавихаар болжээ. Харин аймгийн Залуучууд театрын уран бүтээлчид “Дөчин жил дөрвөн өнгө” зохиомжит концерт, “Домог амилсан нутаг” дуулалт жүжиг, “Хар санаа хайр сэтгэл” сонгодог жүжиг, “Арслан хүлэгт баатар” хүүхдэд зориулсан тоглолт бэлтгэж ойдоо бэлэг барихаар төлөвлөжээ.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ