"Шангрилла" зочид буудал дахин шатлаа

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-01-28 16:07:55

Нийслэлийн төв хэсэг буюу хуучнаар Хүүхэд залуучуудын төв паркийн дотор сүндэрлэн боссон олон улсын том зочид буудал "Шангрилла"  өнөөдөр дахин галд өртөв. 

Дахин гэдгийн учир энэ зочид буудал ноднин ашиглалтад орохын өмнөхөн галд автаж байсан. Тэгвэл өнөөдөр дахин галд өртсөн мэдээ олны анхаарлыг татлаа. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Шангрилла” олон улсын сүлжээ зочид буудлын зүүн талд өргөтгөл хэлбэрээр барьж байсан үйлчилгээний барилгын 5 давхар буюу дээврийн хэсэгт гал гарчээ. Нийслэлийн  гал унтраах ангийн аврагчид, гал сөнөөгчид  шуурхай ажилласны хүчинд галыг  унтрааж аюулгүй болгов.

Нийслэлийн Онцгой байдлын шуурхай албанд 11.56 цаг “Шангрилла” зочид буудлын дээврээс утаа гараад байна гэсэн тусламжийн дуудлага иржээ. Дуудлагын дагуу 12.02 цагт Чингэлтэй дүүргийн Гал унтраах 10 дугаар ангийн дөрвөн машин 30 аврагчид газар дээр нь очиж шуурхай ажилласнаар 10-15 минутанд галыг бүрэн унтраасан байна. Одоогоор гал юунаас болсныг тогтоогоогүй. Мөн  өмнө нь 2014 оны есдүгээр сарын 30-ны өдөр   “Шангрилла” зочид буудлын долоон давхраас гал алдаж, галын тархалт барилгын орой хэсэгт хүрээд байсан. Аврагчид тухайн галыг бүрэн унтраах гэж олон цаг  зарцуулж байсан. Гэвч одоог хүртэл тэрхүү галын хохирлын хэмжээг тогтоогоогүй байна. Өмнөх галын шалтгаан, хохирлыг тогтоогоогүй байхад ийнхүү дахиад тус зочид буудалтай холбоотой галын хэрэг нэмэгдлээ гэж Нийслэлийн ОБГ-ын дэд дарга Д.Эрдэнэбаатар мэдэгдсэн юм. 

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ