Гар дээрээс наймаа хийхдээ холбогдох бичиг баримтыг сайтар шалгахыг сануулав

ОРОН НУТАГТ | Төв
erdenechimeg@montsame.mn
2016-01-26 15:03:54

Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газар сар шинийн баярыг угтаж, урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг энэ сарын 19-өөс 2 сарын 7 хүртэл зохиож байна.

Зуунмодод  хүнсний худалдаа, нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг  38 ААНБ, иргэнийг урьдчилан сэргийлэх хяналтанд хамруулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар  36 иргэн, 2 аж ахуйн нэгжийг шалгажээ. Эдгээрээс 158 зөрчил илрүүлж, 57 хувийг арилгуулж, 23 газраас бүтээгдэхүүний хадгалах хугацаа дууссан 214 ширхэг, 17.8 кг, хаяг шошгын зөрчилтэй 37 ширхэг, 1.3 кг нийт 366190 төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүн хураан авч, сумын орон тооны бус устгалын комисст шилжүүлжээ.

Нийтийг хамарсан томоохон хэмжээний баяр, ёслолын үеэр иргэд мах сүү, цагаан идээ гэх мэт хүнсний бүтээгдэхүүнийг гар дээрээс борлуулах нь элбэг тохиолддог тул холбогдох бичиг баримтыг нь сайтар шалгаж, урьдчилан сэргийлэх асуумжийг тогтмол хийхийг МХГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Мягмарсүрэн сануулав.

Тус байгууллага шинийн 1-3-нд 70272517 дугаарт хариуцлагатай жижүүр ажиллуулж, хордлого,халдварын дуудлага, мэдээллийг хүлээж авах юм байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ