Улаанбаатарын агаарын бохирдол гамшиг дагуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-01-26 14:49:54

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлоос үүдсэн амьсгалын замын өвчлөл нь өвлийн улиралд гамшгийн хэмжээнд хүрсэн төдийгүй бага насны хүүхдийн сэтгэн бодох чадвар, мэдрэлийн системд сөргөөр нөлөөлөх болсныг “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” олон улсын зөвлөгөөнөөр онцолж байна.

Энэхүү зөвлөгөөн нь УИХ-ын даргын ивээл дор Шангри-Ла олон улсын зочид буудлын их танхимд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Зөвлөгөөнийг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр ЭМСЯ, БОНХАЖЯ, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа юм. Монгол, АНУ, Англи, Австрали, БНХАУ, БНСУ зэрэг улсын эрдэмтэд болон төрийн болон ТББ, эрдэмтэн судлаач, бодлого шийдвэр гаргагч бүхий 160 гаруй төлөөлөгч уг зөвлөгөөнд оролцож байна.

Монгол Улсын агаарын бохирдол, утаа сүүлийн дөрвөн жилд 26 хувиар буурсан гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байгаа нь бодит үнэнд нийцэхгүй байна. Сүүлийн жилүүдэд буурсан гээд байгаа Улаанбаатар хотын утаа ургийн өсөлтөд хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг гадны эрдэмтэд судалж эхэлжээ.

Тэд Сүхбаатар дүүрэгт амьдардаг 540 ээж буюу жирэмсэн эмэгтэйг хамруулан сонгож нэг хэсэгт нь агаарын бохирдлыг бууруулах төхөөрөмж суулгаж, ээжүүдийг хоёр хуваан, харьцуулж судалсан байна. Ингэхэд агаарын бохирдлыг бууруулах төхөөрөмж ашигласан ээжүүдээс гарсан нярайн биеийн хэмжээ, агаарын бохирдлыг бууруулах ямар ч арга ашиглаагүй ээжүүдээс мэндэлсэн нярайгаас 0,4 сантиметрээр урт, 80 граммын илүү жинтэй төрж байжээ.

Уг судалгааны үр дүнгээс харахад агаарын бохирдол ургийн өсөлт, хөгжилтөд хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг нотолж байна. Улаанбаатарын утааг яаралтай бууруулахгүй бол ураг, нярайн эрүүл мэндэд маш хортойг судлаач Райн Аллен онцлон анхааруулж байгаа юм.

Эрүүл мэндийн статистик мэдээллээс үзэхэд 1999-2016 онуудад, агаарын бохирдолтой шууд холбоотой амьсгалын тогтолцооны өвчин 26.8 хувиар, зүрх судасны тогтолцооны өвчин 18.1 хувиар нэмэгдсэн байх юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ