Буянтын залуучууд Л.Дагвадоржийн 80 насны ойг тэмдэглэх санаачилга гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-01-25 20:23:07

Ховд аймгийн  Буянт сумын  залуучуудын холбооны тэргүүлэгчид саяхан болсон анхдугаар чуулганаараа тус сумын  харьяат Монголын дууны шүлгийн нэрт мастер зохиолч, яруу найрагч Л.Дагвадоржийн 80 насны ойг тэмдэглэх ажлыг сумынхаа 1200 гаруй залуусыг төлөөлөн  анхлан  санаачиллаа.

Монголын дууны шүлгийн хаан Л.Дагвадоржийн 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд уран бүтээлийг нь хойч үед үлдээх, түүний агуу их авьяас билгээс суралцах ажлыг санаачлав.

Буянт сумаас Монголын сор болсон олон алдартан төрж гарсан. Тэдний нэг дууны шүлгийн хаан гэгддэг Л.Дагвадорж 1936 онд тус сумын Бурхан улаан завсраас ургасан ганц улиасны дэргэд төрсөн гэдэг.

1970,1980- аад оны сэтгэлд хоногшсон гайхамшигт дууны эзэн Л.Дагвадоржийн дууг дуулсан уран бүтээлчдээс Ардын жүжигчин нэг,  МУГЖ 38, СТА 40 хүн төрөн гарчээ.

“Саальчин бүсгүй”, ”Сайхан монгол морь”, ”Бүүвэйл хорвоо”, ”Хүүгийн бодол” зэрэг нийт 300 гаруй дууны шүлэг нь аялгуу сайхан дуу болон бидний дунд амьдарч байна.

Буянт сумын залуучуудын холбоо  эрхэм хүн Л.Дагвадоржийн 80 жилийн ойг төрсөн суманд нь тэмдэглэх санаачилга гаргаж, залуу уран бүтээлч Б.Аюузана түүний  гэрэлт хөшөөг мөнхлөн босгох загварыг санаачилж,  дизайн, эх зургийг нь гаргаад байна.

Залуучууд чуулганаараа баталсан энэ санаачилгаа аймаг, сумын ИТХ-д уламжилж, ойг тэмдэглэх ажлын хөрөнгө босгох ажлыг сумаасаа эхэлж Монголын Зохиолчдын холбоо, Хөгжмийн зохиолчдын холбоонд уламжлах аж.

 А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ