Эмэгтэйчүүдийн хоолойг боож дээрэмддэг байсан этгээдийг баривчлав

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-01-25 16:26:11

Цагдаагийн алба хаагчид нэг янзын аргаар удаа дараалан дээрмийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчилжээ. 

Цагдаагийн хэрэг бүртгэлийн албанд "Хүний хоолой боож эд зүйл дээрэмдлээ" гэсэн дуудлага хэд хэд давтагдсан тул уг хэргийн сэжигтнийг тогтоохоор цагдаа нар ажилласнаар гэмт хэрэгтнийг илрүүлжээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд оршин суугч, 18 настай, эрэгтэй М гэгч үйлддэг байсан нь нотлогдов. Энэ сарын 23-нд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Зам гүүрийн авто баазаас хойшоо 602 дугаар худгийн хажууд манай хүүхдийг боож унагаад цүнхтэй эд зүйлийг нь дээрэмдчихлээ” гэх мэдээллийн мөрөөр шалгахад Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд оршин суух 25 настай, эмэгтэй Ж-ийн хоолойг боож ном, оюутны автобусны карт, арьсан хэтэвч, иргэний үнэмлэх, гоо сайхны хэрэгсэлтэй гар цүнхийг нь дээрэмдсэн байна.

Сэжигтнийг баривчлахын өмнө иймэрхүү хэрэг хэд хэд гарчээ. Бас нэгэн эмэгтэйн  хоолойг боож иргэний үнэмлэх, 10.000 төгрөгтэй гар цүнхийг,  58 настай, эмэгтэй Д-ын хоолойг боож ном, өндөр настны автобусны карт, оюу чулуун эрх, бор өнгийн эрх хоёр ширхэг, “LG” гар утас, “Nokia-3110” гар утастай гар цүнхийг дээрэмдсэн нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ