Загвар болох сургуулиар Тэмүүжин цогцолбор сургуулийг сонгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 16:46:49

2024 он хүртэлх “Төрөөс  Боловсролын талаар баримтлах бодлого”-д бүрэн дунд боловсролыг сонголттой, уян хатан хөтөлбөрөөр мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах чадвар бүхий ирээдүйд эзэмших, мэргэжлийн суурь баримжаа олгох үе гэж тусган ахлах сургуулийн бодлого чиглэлээ тодорхойлон хэрэгжүүлж эхэлсэн.

Тиймээс БСШУЯ-ны зүгээс лаборатори сургуулиас өөр нэг сургуулийг “Ахлах сургууль” болгон энэ хичээлийн жилдээ бодлого чиглэлээ тодорхойлон ажиллах чиглэл өгсөн юм. Энэ талаар Хэнтий аймгийн Боловсрол Соёлын газрын сургалт арга зүйн албаны дарга, ахлах мэргэжилтэн Б.Түмэнжаргалаас тодрууллаа.

-Сайн байна уу? Юуны өмнө яриагаа ахлах сургуулийн талаар баримтлах аймаг орон нутгийн бодлого чиглэлийн талаар эхлэе. Хэнтий аймагт хичнээн ахлах сургууль байдаг вэ?

-Монгол Улсад ахлах сургуулийг хөгжүүлэхдээ орон нутгийн хүний нөөцийн хөгжлийн чиг хандлага, сурагч бүрийн авьяас, хүсэл зорилго, сонирхолд суурилан асуудал шийдвэрлэх, мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах  чадвартай, бүтээлч, бие даан суралцахуйд суралцсан иргэнийг бэлтгэхийг зорилго болгож байна. Ахлах сургууль нь Ердийн ахлах сургууль, Төрөлжсөн ахлах сургууль гэсэн хэв шинжтэй бөгөөд манай аймгийн хувьд одоо байгаа 12 жилийн сургуулиуд маань ердийн ахлах сургуулийн хэв шинжтэй байгаа юм.

-Лаборатори сургуулиас өөр нэг сургуулийг “Ахлах сургууль” болгон энэ хичээлийн жилдээ бодлого чиглэлээ тодорхойлон ажиллах чиглэлийг БСШУЯ-наас өгсөн. Үүн дээр Хэнтий аймаг аль сургуулийг сонгосон бэ?

-Тус чиглэлийн дагуу Тэмүүжин цогцолбор сургуулийг одоогоор сонгосон байна. Учир нь тус сургууль нь ердийн ахлах сургууль, төрөлжсөн ахлах сургуулийг хослуулсан хэв шинжтэй загвар болон байгуулагдах боломжтой гэж үзэж Аймгийн Засаг дарга, БСШУЯ-д саналаа өглөө.

-Загвар болох Тэмүүжин цогцолбор сургуульд ямар ямар хичээл заагдахаар төлөвлөсөн байгаа вэ?

-Хослуулсан хэв шинжтэй байх учир нь байгалийн ухаан, зохион бүтээх, техник технологи, урлаг, гадаад хэл зэрэг чиглэл тус бүрээр хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

-Тус  сургуульд хичнээн төгрөгийн төсөв хөрөнгө орох вэ?

-Энэ тал дээр  БСШУЯ-наас аймаг бүрт загвар болон байгуулагдсан нэг ахлах сургуульд сургалтын орчин бүрдүүлэх чиглэлээр томоохон хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.

О.Буянхишиг

 

 

 

Холбоотой мэдээ