Токио Иранд авсан хоригоо баасан гарагт цуцална

Дэлхийд | Эдийн Засаг
jargal@montsame.mn
2016-01-20 12:39:14

ТОКИО. /RIA Novosti/. Баасан гарагт хуралдах үеэрээ Японы Засгийн газар Иран улсад авсан хориг арга хэмжээгээ цуцална гэж “Никкэй” сонинд мэдээлжээ.

Хоригийг цуцалснаар Японы компаниуд Ираны хий, нефть олборлолтын салбарт хөрөнгө оруулах боломжтой болно. Түүнчлэн хоёр орны банкууд салбараа нээх, мөн хоёр орны санхүүгийн байгууллагууд хооронд валют арилжааны гэрээ байгуулах боломжтой болох юм.

Ойрхи Дорнодын хамгийн их нөөцтэй ордуудын нэг болох Азадеганы ордыг ашиглахад Япон улс байр сууриа сэргээхийг оролдох төлөвтэй байна. Уг орд газар 26 тэрбум торх нефтийн нөөцтэй ажээ. 2004 онд япончууд тус орд газарт олборлолт явуулах концессийн гэрээний 75 хувийг эзэмшсэн боловч Иранд хориг арга хэмжээ авсны дараа 2006 он гэхэд 10 хувь хүртэл бууруулсан байна.

Токиогийн эрх баригчид болон Японы нефть олборлогч “IMPEX” компани 2010 оны есдүгээр сард Азадеган ордыг ашиглах төслөөс гарахаар шийджээ. “IMPEX” компанийг  Иранд авч буй эдийн засгийн хориг арга хэмжээний жагсаалтад оруулж магадгүй тухай мэдэгдэх бичгийг АНУ-аас Японд өгсөнтэй холбоотойгоор ийм шийдвэр гаргасан байна. Хоригийн жагсаалтад орсон тохиолдолд тус компани бусад орны болон АНУ-ын санхүүгийн байгууллагуудтай гэрээ байгуулахад хүндрэл учирч болзошгүй байжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ