Оросын бүс нутгуудад сонгуулийн ирц доогуур байна

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-09-13 17:43:51

МОСКВА. /BBC/. Курилын арлуудаас Калининград хүртэл ОХУ-ын нутаг дэвсгэрт сонгуулийн хэсгүүд бүгд нээгджээ. Сонгуулийн ирц орон даяар ерөнхийдөө доогуур байна.

Тухайлбал, Амар мужид сонгуулийн хэсгүүд нээгдсэнээс хойш дөрвөн цагийн хугацаанд нийт сонгогчдын 15.6 хувь нь саналаа өгчээ. Тус бүс нутаг захирагчаа сонгож байгаа бөгөөд мужийн захирагчийн албан тушаалын төлөө "Нэгдмэл Орос", Либерал-ардчилсан нам, ЗХУ-ын Коммунист нам, ОХУ-ын Коммунист намын нэр дэвшигчид өрсөлдөж байна.

Сахалин болон Курилд сонгуулийн ирц орон нутгийн цагаар 12:00 цагт 17.3 хувьтай байсан бөгөөд 66 мянга гаруй сонгогч мужийнхаа ирээдүйн захирагчийн төлөө саналаа өгөхөөр ирсэн байна. Тус бүс нутагт "Яблоко", "Нэгдмэл Орос", ОХУ-ын Коммунист нам, Либерал-ардчилсан нам болон "Шударга Орос" намын нэр дэвшигчид өрсөлдөж байгаа юм.

Эрхүү мужийн тэргүүний сонгуульд үд дунд гэхэд нйит сонгогчдын 10.73 хувь нь саналаа өгчээ.

Оросын Сонгуулийн төв комиссын мэдээлснээр, одоогоор сонгуулийн зөрчил бүртгэгдээгүй байна.

Өнөөдөр ОХУ-д Санал хураалтын нэгдсэн өдөр болж байна. Сонгууль 83 субъектэд явагдах бөгөөд зөвхөн Кабардино-Балкария болон Умард Осетид болохгүй юм.

Санал хураалт Оросын бүх бүс нутагт орон нутгийн цагаар 8:00 цагт эхэлсэн бөгөөд 20:00 цагт дуусна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд