Ахмадууд тэтгэврийн зээлийн хүүг бууруулахыг хүслээ

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2016-01-17 12:40:12

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаас “Арилжааны банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ ба хэрэглэгчдийн үнэлэмж” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг хийв.

Хэлэлцүүлэгт Дархан-Уул аймагт ажиллаж байгаа Хаан, Худалдаа хөгжил, Голомт, Капитрон, Хас, Төрийн банк, Капитал, Ариг зэрэг банкны удирдлагууд оролцож хэлэлцүүлгийн эхэнд “Дархан-Уул аймгийн банкны салбарын өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр Монгол банкны хэлстийн захирал Д.Дарханбаяр мэдээлэл хийсэн юм.

Иргэдээс арилжааны банкны бүтээгдэхүүн үйлчилгээнд шүүмжлэлтэй хандлаа. Улс эх орондоо залуу нас, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж гавъяаныхаа амралтад суусан ахмадуудад тэтгэвэрээс өөр орлого үгүй. Цагаан сарын шинийн нэгний баяраа тэтгэвэрийн зээл авч тэмдэглэдэг. Банкны зээлийн хүүд дарлуулдаг учраас үүнд төр засаг анхаарал хандуулах хэрэгтэй” гэв. Мөн "Тэтгэвэрийн зээл” гэсэн гоё бүтээгдэхүүн үйлчилгээгээр ахмадуудын идэх хоолноос хасч нэг үгээр банкны систем боловсон аргаар мөнгө идэж байгааг хатуухан шүүмжиллээ. Одоогоор арилжааны банкуудын тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувь бөгөөд сарын 1,5 хувийн хүүтэй. Ахмадууд хэт өндөр хүү авч байгааг учирлаж байв. Хэлэлцүүлгийн үеэр тэтгэвэрийн хүүг бууруулах боломж байгаа эсэхийг судлаж хариу ирүүлэх хүсэлтээ бичгээр гаргаж 48 хүн гарын үсэг зурж баталгаажуулж банкны удирдлагууд хүргүүллээ. Харин арилжааны банкууд цалин, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах талаар одоо шууд хариулт өгч чадахгүй, ТУЗ-өөр хэлэлцэж шийдэх байх гэсэн тайлбар өгсөн юм.

Хэлэлцүүлгийн төгсгөлд аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат:-“Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэж дээд шатны байгууллагуудад хүргүүлж шийдвэрлүүлж тэтгэвэр болон цалингийн зээлийн хүүг бууруулах үүднээс арилжааны банкуудад хандаж зөвлөмж уриалга гаргана” гэв.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ