Орон нутагт жилд 960,0 сая кВтц эрчим хүчийг түгээдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-17 12:20:59

“Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ”- төрийн өмчит хувьцаат компани орон нутагт тоног төхөөрөмжийн ашиглалт засвар борлуулалтын ажлыг эрхлэн гүйцэтгэх Булган, Архангай, Өвөрхангай, Хархорин гэсэн дөрвөн салбартайгаар үйл ажиллагаа явуулж, жилд дунджаар 960,0 сая кВтц цахилгаан эрчим хүчийг түгээн, зуу гаруй тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилладаг гэж албаны эх сурвалж мэдээллээ.

2015 онд илч гэрэл түгээсэн 35 жилийн түүхэн замналаа ёслол төгөлдөр тэмдэглэсэн тус компани өдгөө хойд тал нь Хөвсгөл аймгийн Мандал-Овоо, зүүн тал нь Төв аймгийн Бүрэн, баруун талдаа Завхан аймгийн Их-Уул сум хүртэлх 370 хавтгай дөрвөлжин км нутийг хамран нийт 11 аймгийн 114 сум суурин газрын 5400 гаруй аж ахуйн нэгж, 62000 айл өрхөд цахилгаан эрчим хүчээр үйлчилж байгаа юм.

Зөвхөн “ЭБЦТС” ТӨХК-ийн Архангай аймаг дахь салбар гэхэд л Архангай, Хөвсгөл, Завхан аймгийн 19 сум, 17 багийн 1214 үйлдвэр аж ахуй нэгж, 11942 айл өрхөд цахилгаан дамжуулах агаарын шугамыг ашиглан эрчим түгээн ажиллаж байгаа 100 хүний бүрэлдэхүүнтэй чадварлаг ажилсаг эвсэг хамт олон болжээ. Сар шинийн баярын өдрүүдэд ард түмнийхээ ая тухыг алдагдуулалгүйгээр бид илч гэрлийн манаандаа хариуцлагтайгаар зогсоно хэмээн тус салбарын дарга Наръяагийн Энхсайхан итгэл төгс хэллээ. 

                                                                                                                        Архангай. Л. Булган

Холбоотой мэдээ