Арслан Н.Батсуурь түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-14 13:11:02

Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойг тохиолдуулсан энэ удаагийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат улсын арслан Н.Батсуурь 8 даван түрүүллээ.

Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэлэж, их шөвгийн дөрөвт Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат, Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын харцага Б.Пүрэвсайхан нар үлдэв. УИХ-ын Тамгын газраас зохион байгуулдаг энэхүү үндэсний бөхийн барилдаан өчигдөр /2016.01.13/ Монгол бөхийн өргөөнд болсон юм.

Хүчит бөхийн барилдааныг УИХ-ын дарга З.Энхболд нээж үг хэлсэн юм. Тэрбээр, 1992 онд баталсан Ардчилсан шинэ Үндсэн хууль бол монгол хүний ажиллаж, амьдрах бүхий л эрх, эрх чөлөөг тунхаглаж, төрийн эрх мэдлийн хуваарилалт, ардчилал, зах зээлийн харилцааны үндсэн зарчмуудыг баталгаажуулсан түүхэн баримт бичиг билээ. Энэ түүхэн баримт бичгийг боловсруулж, батлахад үнэтэй хувь нэмэр оруулсан Улсын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын депутатууд нартаа монголчууд та бүхний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөе гэв.

Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Ч.Санжаадамба, Т.Санчир, М.Өсөхбаяр, улсын харцага Ц.Содномдорж, Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, Б.Пүрэвсайхан нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглолоо.

Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдааны үеэр Ардчилсан шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээнд түрүүлсэн оролцогч нарт Улсын Их Хурлын дарга З.Энхболд өргөмжлөл, медаль гардуулж баяр хүргэлээ.

Д.Өлзий

 

Холбоотой мэдээ