Торгон хилийн хамгаалагчид шилдгүүдээ тодруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2015-09-12 18:28:52

Эх орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, торгон хилийг батлан хамгаалагч Хил хамгаалах байгууллагын “Шилдэг ахлагч, шилдэг гэрээт хилчин шалгаруулах” тэмцээний шилдгүүд өнөөдөр тодорч, шагналаа гардлаа.

Энэхүү тэмцээнийг орчин үеийн Хил хамгаалах байгууллага үүсч, хөгжсөний 82 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан аж Монгол орны өнцөг булан бүрт хилээ манаж буй хилчдийг эхний шатанд ангид нь, дараагийн шатанд бүс бүсэд нь цуглуулан өрсөлдүүлжээ. Үүнээс эцсийн шатанд шалгарсан шилдэг 15 эрэгтэй ахлагч, 10 гэрээт хилчин, 30 эмэгтэй ахлагч цэргийн хэргийн, урлагийн авъяас болон марш тактик төрлөөр өрсөлдөв.

“Шилдэг эмэгтэй ахлагч” төрөлд  эхний 8 байрыг шалгарууллаа. Уг төрөлд Хилийн 0253 ангийн ахлах ахлагч, ХЦДБЭЧ-ын бүжигчин М.Баярмаа тэргүүн байр эзэлж, цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо. Мөн ХХЕГ-ын даргын тушаалаар дэслэгч мөрдэс зүүв.

Хилийн 036 ангийн ахлагч М.Золзаяа дэд байрт,  Хилийн 0164 ангийн ахлах ахлагч Э.Уранбилэг гутгаар байрт шалгарч медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртэв..

Мөн Хилийн 0129 ангийн дэд ахлагч Б.Энхцэцэг, Хилийн 0252 ангийн ахлах ахлагч Х.Алтай, Хилийн 0275 ангийн дэд ахлагч Б.Урангоо, Хилийн 0119 ангийн дэд ахлагч Б.Давааням, Хилийн 0303 дугаар тусгай салбрын ахлагч Т.Рэнцинбадам нар шагналт байранд шалгарчээ.

Тэргүүн байрын шагналт, Хилийн 0253 ангийн ахлах ахлагч, ХЦДБЧ-ын бүжигчин М.Баярмаа, “Урлагийн хүн цэргийн мэргэжлийн хүмүүстэй өрсөлдөх тун хэцүү байлаа. Өмнө нь зургаан удаа отрядын жижиг тэмцээнд оролцож байсан. Бүжигчин учраас гүйх, уралдах тэмцээндээ нэг их санаа зовоогүй. Бусад биеийн хүчний даалгавруудыг биелүүлэх хүндрэлтэй байсан. Өрсөлдөгчид маш хүчирхэг байсан" хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

“Шилдэг гэрээт хилчин” төрлийн Тэргүүн байрт Хилийн 0303 дугаар тусгай салбрын түрүүч М.Мөнхбадрал шалгарч ахлагч цол, цом, өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагналын эзэн болж, Харуулын дарга болон дэвшлээ.

Дэд байрт 0245 ангийн түрүүч Ч.Мэндтогтох, Хилийн 0121 ангийн байлдагч Г.Амартүвшин гутгаар байрт шалгарлаа.

Шилдэг гэрээт хилчин төрлийн тэргүүн байр эзэлсэн Хилийн 0303 дугаар тусгай салбрын түрүүч М.Мөнхбадрал, “Эх орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг батлан хамгаалахын тулд Хилийн цэрэгт гэрээт хилчнээр элссэн. ХХЕГ-аас зохион байгуулсан энэхүү тэмцээнд оролцож, тэргүүн байр эзэлсэндээ туйлын баяртай байна. Өрсөлдөгчид тун сайн байлаа. Тэмцээний даалгаврууд маш хүнд байлаа. Марш тактикийн тэмцээний үеэр хөлийн шөрмөс татаж, хугацаа их алдсан. Гэхдээ тэргүүн байр эзэлж чадлаа” хэмээв.

 “Шилдэг эрэгтэй ахлагч” төрөлд тэргүүн байрт ХХЕГ-ын Цэргийн сургалт, албаны зохион байгуулалтын хэлтсийн ахлагч Б.Мөнх-Од шалгарч дэслэгч цол, цом, өргөмжлөл, алтан медаль болон мөнгөн шагналийн эзэн болов.

Тэрбээр, “Энэ оны нэгдүгээр сараас бие бялдрын болон онолын бэлтгэлд гарсан. Тухайн үед Ерөнхийлөгчийн нэрэмжит Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулсан марш тактикийн тэмцээнд багаараа оролцож, гутгаар байр эзэлсэн. Энэ удаагийн тэмцээнд оролцсон ахлагч нар маш чадварлаг өрсөлдөгч байлаа. Тэднээс их зүйл сурсан. Эх орныхоо торгон хилийг батлан хамгаалахын төлөө хичээнгүйлэн ажиллах болно” гэлээ.

“Шилдэг эрэгтэй ахлагч” төрөлд Хилийн 0303 тусгай салбарын ахлагч М.Пүрэв-Очир дэд байрт, Хилийн 0129 ангийн ангийн ахлагч Б.Буйр гутгаар байрыг эзэлсэн бол Хилийн 0243 ангийн ахлагч Л.Ганзориг, Хилийн 0129 ангийн ахлах ахлагч Ч.Мөнхчулуун шагналт байранд тус тус шалгарав.

Энэ үеэр ХХЕГ-ын дарга, бригадын генерал Ш.Лхачинжав, “Бид эх орныхоо торгон хилийг хамгаалах ариун үүрэг гүйцэтгэдэг. Орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний 82 жилийн ойг тохиолдуулан цэргүүдийнхээ бие бялдар, онолын мэдлэгийг дээшлүүлэх, бие бүрэлэхүүнийг чадавхжуулах зорилгоор “Шилдэг ахлагч”, “Шилдэг гэрээт хилчин” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан. Улсынхаа хилийн тайван байдлыг сахин хамгаалах үүрэгтэй хилчид бие бялдрын хувьд өв тэгш байж, албандаа манлайлагч байхын тулд байнгын бэлтгэл сургуулилттай байдаг нь энэхүү тэмцээний хүнд хүчир даалгаваруудаас харагдаж байна. Хилчид зөвхөн бие бялдараараа ч биш гадаад хэл, хууль дүрэм, компьютер гэхчилэн нийгмийн хөгжилтэй зэрэгцэн алхаж буйгаа энэ тэмцээний шалгаруулалтаар харууллаа. Цаашдаа улам чадавхжуулах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхийн төлөө ажиллана” гэлээ.

Тэмцээний марш тактикийн үе энэ сарын 10-11-нд Төв аймгийн Баянчандмань сумын нутагт байрлах Хил хамгаалах байгууллагын Сургалт, бэлтгэлийн цогцолборт болсон. Энэ үер сэтгүүлчид Сургалт бэлтгэлийн цогцолборт зочилж, тэмцээнд оролцогчидтой уулзсан юм.

“Шилдэг ахлагч”, “Шилдэг гэрээт хилчин” шалгаруулах тэмцээнийг жил бүр зохион байгуулдаггүй бөгөөд томоохон ой, тэмдэглэлт баярын үеэр явуулдаг байна. Эрэгтэй ахлагч нарын тэмцээнийг 2003 онд ХХЕГ-ын 70 жилийн ойд зориулан байгуулсан аж. Харин эмэгтэй ахлагч нарын дундах тэмцээнийг анх удаагаа, шилдэг гэрээт хилчдийн тэмцээнийг хоёр дахь удаагаа зохион байгуулсан нь энэ юм. Тиймээс энэхүү тэмцээнд оролцох нь Хил хамгаалах байгууллагын алба хаагчдын хувьд нэр төрийн хэрэг юм хэмээн ХХЕГ-ын Сургалт, албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга, хурандаа В.Батжаргал хэлсэн юм.

Марш тактикийн тэмцээнд эмэгтэй алхагч буу, жад, хорт хийн баг зэрэг 10 кг ачаа үүрэн 6 км гүйдэг байна. Энэ хугацаанд замдаа 11 даалгавар биелүүлдэг аж. Эмэгтэй ахлагч нар гараанаас гараад хамгийн түрүүнд гранат шидэх цэгт хүрч, 2 удаа гранат шиднэ. Эхнийхийг холын буюу 35 метрт шиддэг бол дараагийнхыг нь 50 см-ийн тойрогт оруулдаг аж.

Үүнийхээ дараа эвдэрсэн гүүр, нурсан байшин болон 25 метрийн урттай хоолойгоор мөлхөх Саадын зурвасыг туулан Хилийн албаны цэгт хүрнэ. Тус цэгт тусгайлан бэлдсэн талбайд хил зөрчигчийн мөр илрүүлж, хэдэн цагийн өмнө хэрхэн хил нэвтэрсэн, хаашаа явсан зэргийг тогтоодог байна. Энэ нь хилийн цэргийн ажигч, сонор сэрэмжтэй байдлыг өндөржүүлэх, аливаа байгалийн саадыг даван гарахад нь бэлтгэх зорилготой аж.

Үүнийхээ дараа буудлагын цэгт хүрч автомат буу болон мэргэн буудагчийн буугаар 9 удаа буудалт хийнэ. Автоматаар 6 бай устгадаг бол мэргэн буудагчийн буугаар хүн барьцаалсан хил зөрчигчийг устгах ёстой. Буудлагын дараа Ерөнхий цэргийн тактикийн сургууль буюу 50 метрийн урттай өргөст торон доогуур 2.26 минутын дотор мөлхөж гарах ёстой. Хол замд гүйж ядарсан цэргийн хувьд энэ маш хүнд даалгавар байдаг хэмээн ХХЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, дэд хурандаа Д.Энхтайван тайлбарлав.

Тэрбээр, Тамирчин цааш гүйн Хөнөөлийн голомтод хүрэх ёстой. Тус цэгт  шархадсан цэрэгт цус тогтоох, хугарсан ясыг чиг барин боох зэрэг анхны тусламж үзүүлээд 30 кг жинтэй гурван хайрцаг сумыг 50 метр газар зөөж байрлуулна. Хөнөөлийн голомтоос Холбооны цэгт хүрч, холбооны хэрэгсэл угсарч төв байртай холбоо барих ёстой. Үүнийхээ дараа Тусгай бэлтгэлийн цэгт очиж, тусгайлан бэлтгэсэн бай руу хутган жад шидэж зоох ёстой.

Дараагаар нь Цэргийн байр зүйн цэгт очиж газрын зурагт тэмдэглэсэн обьект болон өөрийн байгаа газраа тодорхойлох даалгавар гүйцэтгэнэ. Ингээд Техникийн цэгт очиж, Орос механик машин жолоодож, 100 метрийн зогсолт хийж, Үй олноор хөнөөх зэвсгээс хамгаалах бэлтгэлийн цэгт хүрнэ. Тэнд хийн баг зүүж, хорт утаа бүхий майханд 2 минут байна. Энэ хугацаандаа хийн багныхаа хоолойг солих ёстой. Хоолойгоо солих үед анхааралтай байхгүй бол утаанд хордох магадлал өндөртэй. Өөрөөр хэлбэл, хамгийн эрсдэл өндөртэй цэг гэсэн үг. Үй олноор хөнөөх цэгийг давсныхаа дараа барианд орно” гэлээ.

Харин “Шилдэг гэрээт хилчин” тэмцээнд оролцож буй цэргүүд 10 км гүйж, дээр дурьдсан саадаас гадна байгалийн гурван саад давна. Үүнд олсоор буух, тэмээ буюу шатаар явах, дүүжин гүүрээр даваад барианд орно. Харин “Шилдэг эрэгтэй ахлагч” 12 км гүйж, дээрх бүх саадыг даваад Амьдрах ухааны цэгийг давах ёстой. Тус цэгт хээрийн нөхцөлд гал түлэх, цай чанах зэрэг даалгавар гүйцэтгэнэ. JPS төхөөрөмж ашиглан нуусан эд зүйлсийг олсноор барианд орох аж.

Үүрэг хүлээсэн цэрэг эх орон дуудсан цагт бэлэн байх ёстой гэдэг. Үүний тод жишээ нь “Шилдэг эмэгтэй ахлагч” шалгаруулах төрөлд оролцож буй Өмнөговь аймгийн Хилийн 0131 ангийн дэд ахлагч С.Аззаяа байлаа. Тэрбээр, Би төрөөд 6 сар болж байгаа. Энхийн бус цагт би хүүхэдтэй гээд хойш суухгүй тул тасралтгүй бэлтгэл хийж өнөөдрийн тэмцээнд оролцож байна. Тэмцээнд оролцох явцад шантрах зүйл их гарсан хэдий ч үр хүүхэд, эх орноонхыоо төлөө хэмээн зүтгэсээр 6 км замыг тууллаа гэлээ.

Монгол Улсын халдашгүй дархан байдал, бүрэн эрхэд халдсан дайсны эсрэг тэмцэх шаардлага гарвал бид хойш сууж болохгүй гэсэн чинь сэтгэлийн зориг тээсээр бүх замыг туулсан. Өвөг дээдсийн өвлүүлэн үлдээсэн газар шороо, эх нутгаа хамгаалахын тулд үргэлж бэлэн байх ёстой гэсэн бодол минь энэхүү тэмцээний хүнд даалгавруудыг давах хүч хайрласан хэмээн тэмцээнд оролцогчид хэлж байлаа.

Ийнхүү Монгол Улсын торгон хил, тусгаар тогтнолыг хамгаалагч ахлагч нар шилдгүүдээ тодрууллаа.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд