Сургалтад хамарсан залуусын 80 гаруй хувь нь ажилтай болов

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2016-01-11 16:42:51

МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс оюутан залууст зориулсан оны анхны “Парт тайм” чиглүүлэх сургалт зохион байгууллаа.

Цагийн ажил  хайж буй оюутан залуус болон ажил олгогчдод  хэрэгцээт  мэдээллийг  олгох зорилготой уг сургалтад өнгөрсөн онд 5250 оюутан залуус хамарч 80 гаруй хувь нь ажлын байранд зуучлагдсан байна. Энэ оны анхны сургалтад 150 гаруй оюутан залуус хамарч дийлэнх нь өвлийн амралтаар ажил хийх сонирхолтой буйгаа илэрхийлэв.

Сургалтаар цагийн ажил, цагийн ажлын хөлс,  ажилдаа хэрхэн хариуцлагатай ажиллах талаар мэдээ мэдээлэл өгсөн юм. Энэ удаагийн сургалтад Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн сургалт хариуцсан мэргэжилтэн З.Отгонзаяа “ Зөв сонголт ирээдүйн  баталгаа” гэсэн сэдвээр сонирхолтой лекц уншив.

Одоогоор Залуучуудын хөдөлмөрийн төв биржид борлуулалтын цагийн ажилтан авах захиалга эрэлттэй байгаа бөгөөд судалгаа, үйлдвэрийн туслах, зар наагч, цагийн багш зэрэг цагийн ажлууд ч байдаг аж.

Тус сургалтыг МЗХ-ны Залуус танхимд 7 хоног бүрийн Пүрэв гарагт 13.00 цагаас үнэ төлбөргүй зохион байгуулж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ