Ховдчууд нутгийн брэндээ сурталчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-09-12 15:44:34

Эрх чөлөөний талбайд Ховдын Хөдөлмөрийн хэлтсээс “Ховдод үйлдвэрлэв” өдөрлөгийг зохион байгуулж байна.

Өдөрлөгийг  Хөдөлмөрийн  сайд Г.Баярсайхан нээж хэлэхдээ, “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг дэмжих гол салбар бол жижиг дунд бизнес эрхлэгч юм. Учир нь энэ салбар ажиллах хүчний шингээлт ихтэй байдаг. Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хүрээнд нэг талаас ажлын байр бий болгох нөгөө талаас ажиллах хүчнийг чадавхжуулах асуудалд Хөдөлмөрийн яам онцгойлон анхаарч байна. Салбарын яамны зүгээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр 5 зорилт дэвшүүлэн ажиллаж байна” хэмээн онцлов.

 “Ховдод үйлдвэрлэв” өдөрлөгт Ховд аймгийн 17 сумын ЖДҮ эрхлэгчид бүтээгдэхүүнээ  сурталчилж байна. Үзэсгэлэн худалдаанд монгол дээл, эсгий урлал, хүнсний ногоо, хөх арвайн гурил, зөгийн бал, тарвас, чацаргана, утсан хиам,  цагаан идээ гээд 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэсэн байв. Тухайлбал нэг кг тарвас 1000 төгрөг, өтгөрүүлсэн чацарганы шүүс 5000, үхрийн утсан мах 1 кг нь 13000 төгрөгийн үнэтэй байна.

Тус үзэсгэлэн худалдаа нь Ховдын соёлын өдрүүдийн хүрээнд болж буйгаараа онцлогтой.

 Б.Заяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд