Хүүхдийн спортын V их наадмын хөлбөмбөгийн шилдгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunzaya@montsame.mn
2015-09-12 14:09:02

Монголын Хүүхдийн спортын V их наадмын албан ч ёсны нээлт өнөөдөр 17:00 цагт “ Төв цэнгэлдэх хүрээлэн”-д болно.  Анх удаагаа олон улсын хэмжээнд болж буй тус наадам энэ сарын 19-нийг хүртэл үргэлжлэх юм байна.

Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд, Эрүүл мэнд спортын Дэд сайд Т.Болдбаатар  нарын төлөөлөгчид оролцоно хэмээн зохион байгуулагчид нь хэллээ. Нээлт, хаалтын арга хэмжээг МҮОНРТ, NTV, TM, Star TV -ээр шууд дамжуулах юм байна.

Эл наадамд  спортын 17 төрлөөр 25 мянган өсвөрийн тамирчид, дасгалжуулагчид нийт 2500 гаруй хүн оролцох юм. Харин тус наадмын хөлбөмбөгийн шигшээ тэмцээн энэ сарын 7-12-ны өдрүүдэд үргэлжлэн аваргуудаа тодрууллаа.Эрэгтэйчүүдийн төрөлд Дархан-Уул, Орхон, Дорнод, Говьсүмбэр, Хөвсгөл, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг гэсэн 7 баг, эмэгтэй төрөлд БЗД, БГД, ХУД, Сүхбаатар дүүрэг, Өвөрхангай аймгаас шигшээ багууд  оролцож өнөөдөр  шилдгүүдээ шалгарууллаа. Нийт оролцсон тамирчдаас хурд хүч, авхаалж самбаа, багийн тоглолтын гайхамшгийг үзүүлэн эрэгтэй баг тамирчдаас шилдгийн шилдгээр Дархан-Уул аймгийн Н.Жаргалсайхан дасгалжуулагчтай баг алтан медалиар, Чингэлтэй дүүргийн Д.Нанжид дасгалжуулагчтай баг мөнгөн медалиар, Орхон аймгийн Н.Мөнхбаяр дасгалжуулагчтай баг хүрэл медалийн эзэд боллоо. Мөн эмэгтэй баг тамирчдын шилдгийн шилдгээр Баянзүрх дүүргийн Ц.Ганболд дасгалжуулагчтай баг алтан медалиар, Өвөрхангай аймгийн Л.Эрхэмбаяр дасгалжуулагчтай баг мөнгөн медалиар, Хан-Уул дүүргийн Болд дасгалжуулагчтай баг хүрэл медалиар тус тус шалгарав. Шагналыг  “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д Монголын Хүүхдийн спортын V их наадмыг зохион байгуулах хорооны дарга Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар гардууллаа.

Б.Заяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд