Асад 2017 оны гуравдугаар сард албан тушаалаасаа бууж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-07 13:32:59

ВАШИНГТОН. /Anadolu/. Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асад 2017 оны гуравдугаар сард албан тушаалаасаа огцорно гэж Обамагийн засгийн газар урьдчилан таамаглаж байгаа тухай “АР” агентлаг мэдээлэв.

Асад болон түүний хамтран зүтгэгчид төр барих эрхээсээ татгалзах цаг нь хамгийн эртдээ 2017 оны гуравдугаар сард байна гэсэн АНУ-ын албаны хүмүүсийн баттай эх сурвалжтай мэдээллийг тус агентлаг уламжилжээ.

Асад эрх мэдлээсээ татгалзвал, Сирийн дотоодын тойргийнхон мөн суудлаасаа бууна гэж баримтад дурдсан байна.

Өнгөрсөн 11 дүгээр сард Вена хотод болсон олон улсын бага хурлын үеэр дэвшүүлж, НҮБ-ын баталсан төлөвлөгөөнд суурилан Сирид улс төрийн шилжилт хөдөлгөөн хийх, тухайлбал, ирэх наймдугаар сард ерөнхийлөгч болон парламентын сонгууль явуулахаар болсон тухай мөн мэдээлжээ.

Сирийн улс төрийн шинэчлэлийн явц ирэх сараас эхлэх бөгөөд үүний хүрээнд хийгдэх эхний алхам нь Сирийн Засгийн газар болон сөрөг хүчин хоорондын энхийн хэлэлцээг энэ сарын 25-нд Женевт эхлүүлэх юм. Сирийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан де Мистура хэлэлцээ эхлэх өдрийг товлосон байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ