АНУ: Умард Солонгосыг цөмийн гүрэн гэж хүлээн зөвшөөрөхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2016-01-06 14:57:35

ВАШИНГТОН. /Yonhap/. Умард Солонгос устөрөгчийн бөмбөг амжилттай туршсан эсэхийг нотлоогүй байгаа боловч тус улсыг цөмийн туршилт явуулахыг хориглосон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг ямар нэгэн байдлаар зөрчихийг буруушааж байгаагаа Цагаан ордон мэдэгдэв.

Умард Солонгосыг цөмийн гүрэн гэж хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ Цагаан ордон мэдэгджээ.

“Солонгосын хойг, Умард Солонгосын цөмийн туршилтаа явуулдаг газар орчимд газар хөдлөлт болсон, цөмийн туршилт явуулсан гэж Пхеньян мэдэгдсэн талаар бид мэдэж байгаа. Тухайн бүс нутгийн түншүүдтэйгээ нягт хамтран ажиллаж, байдлыг тодруулахаар хяналт-шинжилгээ хийж байна” гэж Цагаан ордны Үндэсний Аюулгүйн зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс мэдэгдэв.

“Умард Солонгосын мэдэгдлийг бид одоогоор нотлоогүй байгаа ч НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг ямар нэгэн байдлаар зөрчихийг буруушааж, олон улсад хүлээсэн үүргээ биелүүлэхийг Умард Солонгост дахин уриалж байна” гэж тэрбээр хэлсэн байна.

Умард Солонгос 2006 онд цөмийн анхны туршилтаа явуулснаасаа хойш 2 удаа дахин явуулсныг тэрбээр тэмдэглэжээ.

“Умард Солонгосыг цөмийн гүрэн гэж хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ бид удаа дараа ойлгомжтой илэрхийлсээр ирсэн. Бүс нутгийн холбоотнуудаа, тухайлбал, БНСУ-ыг бид үргэлжлүүлэн хамгаалж, Умардын бүх өдөөн хатгалгад зохих хариуг нь өгнө” гэж Прайс хэлэв.

Х.Аминаа
 

Холбоотой мэдээ