“MERS”-ээс сэргийлэх арга хэмжээгээ Умард Солонгос цуцаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-01-05 13:21:08

СӨҮЛ. /Yonhap/. Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу “MERS”-ын титэмт вирусийн тархалтыг бүрэн дарлаа гэж Өмнөд Солонгос өнгөрсөн сард мэдэгдсэнтэй холбогдуулан уг халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ Умард Солонгос цуцаллаа гэж БНСУ-ын Нэгдлийн яам мэдэгдэв.

Умард Солонгосын хилийн Кэсон хот дахь “Кэсон” хамтарсан аж үйлдвэрийн цогцолборт орж, гарах өмнөд солонгосчуудын биеийн температурыг шалгах ажлыг өчигдрөөс эхлэн зогсоосон байна.

Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр Өмнөд Солонгост “MERS”-ын халдвар тархлаа гэж мэдэгдсэнтэй холбогдуулан “Кэсон” аж үйлдвэрийн цогцолборт нэвтэрч буй өмнөд солонгосчуудын биеийн температурыг Умард Солонгос шалгахаар Өмнөд Солонгосоос биеийн температур шалгагч гурван төхөөрөмжийг зээлээр авч ашиглажээ. Өмнөд Солонгост 187 хүн “MERS”-ын халдвар авсны 37 нь амиа алдсан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ