“Эбола”-гийн улмаас 22 мянган хүүхэд өнчирчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-30 10:25:48

НҮБ. /TASS/. “Эбола” вирусээр үүсгэгдсэн өвчний тархалтын улмаас Гвиней, Либери болон Сьерра-Леон улсад 22 мянган хүүхэд өнчирсөн тухай НҮБ-ын Хүүхдийн сан /ЮНИСЕФ/ мэдээлжээ.

Гвиней улсад “Эбола” вирусийн халдварын тархалтыг бүрэн дарж чадсаныг ЮНИСЕФ захидлаар хийсэн мэдэгдэлдээ сайшаасан байна. Тус улсад уг вирусийн халдварын тархалт зогссон тухай урьд нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлжээ.

“Гвиней, Либери, Сьерра-Леон улсад 22 мянга гаруй хүүхэд эцэг, эхийнхээ нэгийг эсвэл хоёуланг нь алдсан. Тэд сэтгэлийн шарх эдэлж байгаа бөгөөд нийгмээсээ тусгаарлагдсан хэвээр байна. Хэдэн мянган охид, хөвгүүдийн хувьд өнөөдөр “Эбола”-гийн халдварын тархалт зогсоогүй бөгөөд тэднийг насан туршид нь дагах болно. Тиймээс тэднийг дэмжицгээе” гэж ЮНИСЕФ Гвиней дэх өөрийн төлөөлөгч Мохаммед Аг Айойигийн хэлснийг уламжилсан байна. Тус сангийн мэдээлснээр, зөвхөн Гвиней улсад гэхэд 6200 хүүхэд өнчин хоцорчээ. Аюултай вирусийн халдвар авсны улмаас тус улсын 519 хүүхэд нас барсан бол өвчин нь эдгэрсэн хүүхдийн тоо 230 байгаа нь нас барснаас хоёр дахин цөөн байна. Гвиней улсад “Эбола”-гийн халдварын тархалтыг дарж чадсаныг ДЭМБ мэдэгджээ. Тус байгууллагын мэдээлснээр, халдвар авсан сүүлийн хүний давтан шинжилгээ сөрөг гарснаас халдварын тохиолдол илрэлгүй 42 хоног өнгөрчээ.

Нийт 28600 хүн “Эбола” вирусийн халдвар авснаас 11300 нь нас барсан байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ