Салют худалдаж авахгүй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2015-12-25 12:12:05

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд пиротехникийн хэрэгсэл буюу салют худалдаж авахгүй, хэрэглэхгүй байхыг НОБГ-аас анхааруулж байна.

НОБГ, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, НМХГ-аас хамтран энэ сарын 15-24-нд нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай худалдааны төв, зах, үзвэр үйлчилгээний газрууд, нийтийн эзэмшлийн зам, талбайд шинэ жилийн  тоглоом, хэрэгсэл худалдан борлуулж буй иргэд, мөн хүлээн авалт, баярын арга хэмжээг тэмдэглэж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийжээ.    Шалгалтад нийт 68 объект хамруулж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 235 зөрчил илрүүлж, 54 зөрчлийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар албан шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн байна. Энэ хүрээнд дөрвөн байгууллага, хувь хүнийг 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгожээ.

Мөн шинэ жилийн баярын арга хэмжээг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, гэр, орон сууц, барилга байгууламжийн цахилгааны аюулгүй байдлыг хангаж галын аюулаас урьдчилан сэргийлэх, салют борлуулахгүй, худалдан авахгүй байх, баяр тэмдэглэж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд зөвшөөрөлгүйгээр ашиглах, хэрэглэхгүй байх, барилга байгууламжийн гадна талд мэргэжлийн операторчнаар буудуулж, аюулгүй байдлыг хангуулж ажиллахыг анхааруулж байна. 

Үүнээс гадна иргэд гар дээрээс болон худалдааны төв, зах, бусад газруудад худалдан борлуулж буй тохиолдолд яаралтай Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101, 102 дугаар утсанд мэдэгдэхийг анхааруулж байна. 

Н.Туяа

Холбоотой мэдээ