“МИК Холдинг” 1.6 ширхэг хувьцааг анхдагч зах зээлийн арилжаанд оруулав

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunbold@montsame.mn
2015-12-24 14:11:32

“Мик Холдинг” компани өнөөдөр 1.6 сая ширхэг нэмэлт хувьцааг анхдагч зах зээлийн арилжаанд орууллаа.

Тус компани нь зах зээлд 3 сая 106 мянга 398 ширхэг хувьцааг нэмэлтээр гаргаснаас тэргүүн ээлжийн арилжаагаар таван хувьцаа эзэмшигчид 1.4 сая ширхэг хувьцааг амжилттай худалдаад байсан юм. Харин өнөөдөр үлдсэн 1.6 сая ширхэг хувьцааг өнөөдөр анхдагч зах зээлд арилжиж эхэлсэн бөгөөд нэгж хувьцааг 12 мянган төгрөгөөр үнэлж байгаа аж.

Нэгж хувьцааг 12 мянган төгрөгөөр тооцоход “МИК Холдинг” тэргүүн ээлжид борлуулсан 1.4 сая ширхэг хувьцаанаас 17 тэрбум орчим төгрөг төвлөрүүлээд байгаа юм. Үлдсэн 1.6 сая ширхэг хувьцааг борлуулж чадвал дахин 19.2 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломж бүрдэнэ.

Дашрамд дурьдахад Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын  2015 оны 385 тоот тушаалаар “Мик Холдинг” компанийг бүртгэлийн нэгдүгээр ангилалд бүртгэжээ. Нэгдүгээр ангилалд 10 тэрбумаас дээш зах зээлийн үнэлгээтэй, нийт хувьцааны 25  хувийг олон нийтэд арилжаалах, хоёроос доошгүй жил үйл ажиллагаа эрхэлсэн байх зэрэг шалгуурыг хангаж ордог бөгөөд МИК уг шалгуурт тэнцсэн анхны хувьцаат компани болж байгаа аж.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ