Хятадад 3D принтерийн борлуулалт хоёр дахин нэмэгдэнэ

ДЭЛХИЙД | Шинжлэх ухаан
jargal@montsame.mn
2015-12-23 13:52:16

БЭЭЖИН. /TASS/. Улиран өнгөрч буй энэ онд Хятадад 77 мянган 3D принтер борлуулагдсан нь өнгөрсөн оныхоос 226 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Дүн шинжилгээний “IDC” компанийн тайланд дурдсанаар, 2016 онд Хятадад ийм принтерийн борлуулалт 207 хувиар өсч, 160 мянга болох аж.

“Ирэх онд Хятад улс 3D принтерийн борлуулалтаар АНУ-ыг гүйцэж түрүүлэх боловч үнийн хувьд АНУ урьдын адил тэргүүлсэн хэвээр байна” гэж “IDC” компанийн шинжээч Мо Миньи хэлснийг “Жунго Жибао” сонин уламжилжээ.

Түүний хэлснээр, хятадууд одоогоор 5000 доллароос хэтрэхгүй, хямд үнэтэй 3D-принтерүүдийг худалдан авахыг илүүд үзэж байна. Тэгвэл АНУ-д өндөр технологийн загваруудыг худалдан авахыг илүүд үздэг аж.

Хятадад 2020 он гэхэд 3D-принтерийн борлуулалтын хэмжээ жилд 440 мянган нэгжээс давна.

3D-принтерийг одоогийн байдлаар сансар судлал, анагаах ухаан, автомашины салбарт өргөнөөр ашиглаж байна. Аажимдаа ийм принтерүүдийг барилга, хоолны салбарт, мөн хөгжмийн зэмсэг, хувцасны үйлдвэрлэлд ашиглаж эхэлнэ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ