Өвөрхангайд өнтэй өвөл болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-12-21 17:25:34

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай, Банхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэгт ХХААЯ, ЭМЯ, ЗТЯ, ОБЕГ, ЦЕГ, МХЕГ-ын холбогдох албан тушаалтнууд багтаж байгаа бөгөөд Өвөрхангай аймгийн Есөнзүйл, Өлзийт, Бүрд, Хархорин,  Арвайхээр, Хайрхандулаан, Нарийнтээл, Тарагт сумаар ороход өнөтэй сайхан өвөл болж байна гэсэн халуун дулаан үг сонсчээ. 

Өвөрхангай аймгийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангасан, энэ өвөл нийт  15370 өрхийн 4,5 сая мал өвөлжиж байна. Өвс, хадлан тэжээлийн хувьд 27700 тн өвс, 5200 тн гар тэжээл, 520 тн ногоон тэжээл, 345 тн үйлдвэрийн тэжээл, 9220 тн хужир шүү бэлтгэжээ. 

Аймгийн хэмжээнд уурын зуухнуудын засвар үйлчилгээг бүрэн хийсэн, нүүрс татан авалт 30 хувьтай, Баянтээгийн нүүрсний уурхайн хөрс хуулалт бүрэн хийсэн, нүүрсний чанар сайн байна. “АЗЗА” ТӨХК-ийн машин техник, хүн хүчний бэлэн байдлыг хангуулж, цаг агаарын улмаас  цасанд хаагддаг АО301-АО302 улсын чанартай авто замын дагуу 2 ажлын хэсэг гарч ажиллаж байна. 

Аймгийн хэмжээнд 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар алслагдмал газарт амьдардаг төрөх насны 33 жирэмсэн эхийг төв, суурин газарт авчирчээ. Ажлын хэсэг Өвөрхангай аймгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаад эхний ээлжинд Хайрхандулаан сумын хүн эмнэлгийн автомашины асуудлыг зайлшгүй  шаардлагатай гэж үзэв.  

Б.Туул

Холбоотой мэдээ