Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн багийн халз барилдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-21 14:19:25

Спортын төв ордонд маргааш чөлөөт бөхийн эмэгтэй багуудын анхдугаар халз барилдаан болж шилдэг багийг тодруулна.

Анх удаагаа зохион байгуулж буй халз барилдаанд түрүүлсэн баг 10 сая төгрөгийн эзэн болох юм. Шагналын сан өндөртэй тус тэмцээнд олимп тив дэлхийн медальтай тамирчдын төлөөлөл оролцоно. Эмэгтэй багуудын анхдугаар барилдаанд “Хилчин”, “Алдар” спорт хороо, “Хасу мегастар”, “Цастын барс” клуб, Арслан клуб болон Налайхын нэгдмэл баг, охидын академийн багууд хүч сорин өрсөлдөхөөр болжээ. Энэхүү тэмцээнийг Монголын Чөлөөт бөхийн холбоо болон “Арж Капитал” ХХК хамтран зохион байгуулж байгаа юм.

Дашрамд сонирхуулахад, МЧБХ-ны эмэгтэй шигшээ багийн тамирчид 2013 онд эх нутагтаа болсон дэлхийн цомын тэмцээнд мөнгөн медаль хүртсэн бол, энэ онд ОХУ-ын Санктпетербург хотод болсон тэмцээнээс хүрэл медалийн эзэд болсон юм. Энэхүү анх удаа зохион байгуулж байгаа эмэгтэй шигшээ багуудын халз барилдааны зорилго нь түүхэндээ дэлхийн цомоос авч чадаагүй алтан медалийг эх орондоо авч ирэх, тамирчдын өв нэгдэлийг сайжруулахад оршиж байгаа юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ