Замын цас хайлуулах давс нөөцөлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬЭнэ өвөл цас ахиу орж, аймгийн төвийн зам, талбайд хальтиргаа гулгаа үүсгэсээр байх төлөвтэй тул Мандалговь хотын тохижилтын алба давсны нөөц бүрдүүлж авчээ.
Өнгөрсөн сард эхэлж орсон цасны үеэр хот тохижилтын албанд байсан 200 кг давсыг хөдөлгөөн ихтэй замын тойргуудад цацаж дуусгасан, давс бэлдэх төсөв хөрөнгөгүй талаар тус албаны дарга Д. Мөнхцоож хэлж байсан бол одоогийн байдлаар тус алба аж ахуйн нэгжээс 700 кг давс зээлээр авч, Луус сумын нутаг дахь Төгрөгийн хужираас 1.8 тонн давс бэлдэн нөөцөлжээ.
Өнгөрсөн сард ойр ойрхон хэд хэдэн удаа орсон цас аймгийн төвийн зам талбайд хальтиргаа үүсгээд байсныг албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг дайчилсаны хүчинд арилгаж дууссан. Гэхдээ байгууллага, аж ахуйн нэгж ойр орчмын 50 метр газрын цасыг арилгасан бөгөөд түүнээс үлдсэн хэд хэдэн хэсгийн дагтаршсан цас болон саяхан нэмж орсон цаснаас үүссэн хальтиргааг хот тохижилтын ажилчид өдөр бүр арилгаж байна. Маргааш гэхэд зам, талбайн хальтиргааг бүрэн арилгаж дуусгахаар ажиллаж байна.
Дундговь Т. Отгонтуяа