Өвөр Монголын төлөөлөгчид Дарханд айлчлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛБНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч, Нийгмийн аюулгүй байдлаас хамгаалах танхимын дарга, дэслэгч генерал Ма Мин тэргүүтэй ӨМӨЗО-ны төлөөлөгчид энэ сарын 12-18-ны хооронд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд төлөөлөгчдийн тэргүүн нь Дархан-Уул аймагт дагалдах найман хүний бүрэлдэхүүнтэй ирж ажиллав. Уг айлчлал нь бүс нутгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн байгууллагын албан хаагчдыг сургалтад хамруулж мэргэшүүлэх, техник тоног төхөөрөмжийн дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор тус аймгийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо. 2014 онд Монгол улс БНХАУ-тай хамтарч хоёр удаагийн сургалтыг зохион байгуулсан. Тухайлбал “Бүс нутгийн аюулгүй байдал, хүний наймаа, терроризмтай тэмцэх тэмцэл” сэдвээр сургалт явуулж 580 гаруй цагдаагийн албан хаагчдыг оролцуулсан. Мөн хар тамхины хэрэг илрүүлэх чиглэлээр мэргэших албан хаагчдад БНХАУ-ын Эрээн хотод хамтарсан сургуулилт хийж байсан бол мөн энэ чиглэлээр ОХУ-тай өнгөрсөн жил бас л хамтарч ажилласан байна. Түүнчлэн Монгол улсын Цагдаагийн байгууллагын гадаад харилцаа өргөжиж АНУ, Европын холбооны улс орнуудын хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа бол ирэх жилүүдэд эдгээр орнуудтай харилцаагаа өргөжүүлж сургалт семинар, мэдээ мэдээлэл солилцох, техник тоног төхөөрөмжийг дэмжлэг туслалцаа авах зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
Б.Норовсамбуу