Оюутнууд өдөрт 24 мянган төгрөгөөр цас цэвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2015-12-17 12:16:15
oyuka_hu@yahoo.com

Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутнууд нийтийн эзэмшлийн талбайн цас цэвэрлэж өдөрт 24 мянган төгрөгийн цалин авч байна. Цас цэвэрлэх ажилд 95 оюутан оролцож байна.

Үүнийг аймгийн Хөдөлмөрийн хэлтэс “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулж байна.

Оюутнууд гэр хорооллын Булаг багийн автозам дагуух явган хүний замын цасыг цэвэрлэж эхэллээ. Нийт 1.3 км зам ажээ. Тэд өдөрт найман цагаар хоёр өдөр ажиллана. Ингэхдээ хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны багажаар хангагдана. Замын цас цэвэрлэгээг Хот тохижуулах газар хариуцдаг. Гэвч өвлийн цагаар ажилчид нь ачааллаа дийлдэггүй тул Хөдөлмөрийн хэлтэстэй  ийнхүү хамтран  ажиллаж байна.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ