Тэрбум төгрөгийн шагналын сантай хөлбөмбөгийн тэмцээн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-13 18:20:48

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ирж буй 2016 онд нийслэлд нэг тэрбум төгрөгийн шагналын сантай хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулах болсныг зарлалаа.

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны 2015 оны шилдгийн шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын арга хэмжээ өнгөрсөн бямба гарагт “Шангри Ла” зочид буудлын хүндэтгэлийн танхимд болсон бөгөөд энэ үеэр манай хөлбөмбөгчид болон сонирхогчдын урмыг сэргээсэн энэхүү мэдээллийг албан ёсоор мэдэгдсэн байна.  Ирэх онд хөлбөмбөгийн нийслэлийн цомын тэмцээнийг нэг тэрбум төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулах тодорхой болов.

Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл: “Шилдгийн шилдэгт олгож буй энэхүү “Алтан бөмбөг” арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярын мэндийг хүргэж байна. Өнгөрсөн хугацаанд хөлбөмбөгийн холбооны хийж буй ажил их байгааг та бүхэн харж байгаа. Багийн соёлыг өнөөдөр хүртэл авчирсан та бүхэнд талархаж байна. Багийн соёл бол бидэнд цаашид хөгжин дэвшихэд их зүйлийг өгөх юм. Спортыг хөгжүүлэхийн тулд бизнес болгох хэрэгтэй. Хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах өрсөлдөөний талбарыг бий болгох нь зүйтэй гэж харж байна. Хандивын спорт, удаан явдаггүй. Спорт бол амьдралыг хамгийн баялаг болгож чаддаг. Бид үүнийг сайн мэднэ. Хамгийн ойрын жишээг дурдахад Англи, Германы залуус хөлбөмбөгийн тухай ярьж суудаг. Гэтэл манайд бол өнөөдөр хөлбөмбөгөөс илүүтэй улс төрийг ярьж яваа залуус маш их байна. Энд ямар их ялгаа байгаа нь тодорхой. Спортод хамгийн түрүүнд шагналын сан өндөр байх, жалгын үзлийг гаргах нь чухал гэдгийг харлаа. Бид жалгын үзлийг улс төрд гаргахаар муу үр дагаварыг гаргаад байдаг. Харин спортод жалгын үзлийг бий болгоход гайхалтай спортыг бий болгодог байна. Би өнөөдөр та бүхэнд нэгэн чухал мэдээллийг хүргэх гэж байна. Ирэх онд хөлбөмбөгийн нийслэлийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болсон. Энэхүү тэмцээний шагналыг санг Нэг тэрбум төгрөгийн сантайгаар зохион байгуулахаар болсныг дуулгаж байна. Үүнийг бид маш удаан ярилцсан. Тэмцээний талбай бэлэн байгаа. Түрүүн би хэлсэн. Спортыг хөгжүүлэхэд жалгын үзэл дээр бид илүү түлхүү ажиллана гэж бодож байна. Яагаад Зайсан, 40 мянгат, Баянхошууны аваргууд, 120-ынхоны гэсэн багуудыг зохион байгуулж болохгүй гэж. Бидэнд удахгүй манай нийгэмд хамгийн том соёл, хамгийн том үзэх дуртай спортын нэг нь хөлбөмбөг байх болно гэдэгт эргэлзэхгүй байна. Монголчууд багийн соёлтой, багийн үзэлтэй үндэстэн болохын төлөө хамтдаа зүтгэе. Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.” хэмээн онцолсон юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ