"Рио-2016" наадам болох газруудын бэлтгэл ажил 80 хувьтай байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-11 14:10:02

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. “Рио-2016” олимпын наадам болох газруудын бүтээн байгуулалтын ажил 80 хувьтай явж байна гэж тус наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Карлос Нузмэн мэдэгдэв.

"Олимпын наадам болох газруудыг ямар ч асуудалгүй хүлээлгэн өгнө. Ажлын явц 80 хувьтай байгаа бөгөөд ажлын ийм гүйцэтгэлийг дэлхийн хэдхэн хот хийж чадсан" гэж тэрбээр Бразилын “Globo Esporte” мэдээний сайтад ярилцлага өгөхдөө дурджээ.

Дарвуулт завины тэмцээн болох Гуанабара булангийн бохирдлын асуудалтай холбогдуулан тэрбээр, “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын даалгасны дагуу тус буланд шалгалт хийж, амжилттай дууссан. Байгаль орчныг хамгаалах бүлгүүд дунд сэтгэл түгшээсэн асуудал тархаад байгаа хэдий ч тус газарт арга хэмжээг зохион байгуулах тохиромжтой нөхцөл бүрдсэн байна” гэж Олон улсын олимпын хороонд мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ