Монгол бөхчүүд дэлхийн чансаанд дээгүүрт бичигджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2015-12-11 12:08:23

Дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /ДБТНХ/-ноос чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй бөхчүүдийн шинэчилсэн чансааг зарлахад Монголын 14 бөх дээгүүрт эрэмбэлэгджээ.

Тухайлбал, 2015 оны сүүлчийн чансааны шилдэг 20-д манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй долоон тамирчин багтжээ. Эрэгтэйчүүдээс ОУХМ Б.Номин хамгийн өндөр чансаатай байна. Тэрбээр 61 кг-д хоёрдугаарт эрэмбэлэгдсэн бол 74 кг-д дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж олимпийн эрхээ авсан П.Өнөрбат шилдэг гуравт багтжээ. Мөн саяхан болсон Алтан Гран при-д аман хүзүүдсэн Э.Бэхбаяр тав, ДАШТ-д шагналт байр эзэлсэн Г.Мандахнаран, Ж.Чулуунбат нар зургадугаарт эрэмбэлэгдсэн бол О.Үйтүмэн, Д.Хүдэрбулга нар шилдэг 20-ын тоонд багтав.

Харин эмэгтэйчүүдээс дэлхийн хошой аварга, олимпийн хүрэл медальт С.Батцэцэг /63 кг/ жиндээ дахин тэргүүллээ. Мөн гавьяат тамирчин С.Цэрэнчимэд 60 кг-д гурав, 69 кг-д О.Насанбурмаа шилдэг наймын нэгээр тодорлоо. Харин Э.Нарангэрэл, Д.Отгонцэцэг, С.Бямбацэрэн, Б.Шоовдор нар хамгийн өндөр чансаатай 20 бөхийн нэг болсон байна. Харин эрэгтэйчүүдийн 70, эмэгтэйчүүдийн 75 кг-д Монголын тамирчид энэ удаад дэлхийн чансаанд багтаагүй байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ