Энэ өвөл 80 мянган тонн сайжруулсан түлш туршилтаар нийлүүлнэ

Монголын мэдээ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-09-14 16:57:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр НИТХ-ын ээлжит бус хуралдаан болж “Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан танилцуулж сайжруулсан түлш, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг агаар, орчны бохирдлыг бууруулахад нөлөөлөх ажлуудын талаар НИТХ-ын төлөөлөгчдийн асуултанд нийслэлийн удирдлагын зүгээс хариулт өгөв.
НЗД-ын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, “Сайжруулсан түлшний хувьд тус бүр 200 мянган тонн түлш үйлдвэрлэх улсын болон хувийн гэсэн хоёр үйлдвэрийг байгуулж байгаа. Энэ талаар ажиллаж буй 20 гаруй үйлдвэрийг консерциум болж үлдэх 200 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэнэ. Нийслэлийн зүгээс дээрх үйлдвэрүүдэд төмөр замын гарцтай болгох, үйлдвэр барих газрыг нь олгох зэргээр дэмжин ажиллаж байна. Одоо үйлдвэрүүд баригдаад, технологийн горимыг шалгах ажилдаа ороод явж байна. Сайжруулсан түлшээ одооноос үйлдвэрлэж ирэх оны намар гэхэд бэлэн бол
но.

Түлшний түгээлтийг хот хариуцаж, томоохон хэмжээний 3 агуулахаас борлуулах цэгүүдээр дамжуулан гэрээ хийх замаар төр-хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр түгээнэ” гэв. Тэр болтол буюу энэ өвлийн тухайд АХБ-ны шугмаар 80 мянган тонн сайжруулсан шахмал түлш болон хагас коксжсон нүүрсийг иргэдэд нийлүүлэх үүргийг хүлээж байгаа. Энэ ажил нийслэлий Сонгинохайрхан дүүргээс эхэлж байгаа гэв. Тэрээр ААН, байгууллагуудын тухайд хэлэхдээ, “Бид гэр хорооллоосоо илүү албан байгууллага, ААН-үүдтэй агаарын бохирдлыг бууруулах талаар ажиллахад бүрэн бололцоотой гэж үзэж байгаа. Юу гэвэл Нийтлэг үйлчилгээний шинэчилж буй журмаар ч ААН, байгууллагуудад тусгай зөвшөөрөл олгох явцад энэ талаар гэрээ хийж хамтарч ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж байв. Өнөөдөр 3 мянга орчим халаалтын зуух ажиллаж байгаа аж.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, “Түүхий нүүрс болон сайжруулсан түлшний талаар хэлэхэд одоо нүүрсийг хориглоогүй, ирэх оны тавдугаар сарын 15-наас нүүрсийг нийслэлд оруулахгүй шийд бүхий тогтоол Засгийн газраас гарсан. Тэрнээс өмнө,  ирэх зун гэхэд бид Улаанбаатар хотын хэмжээнд 600 мянган тонн сайжруулсан түлшний нөөцөө бэлтгэчихнэ. Тэрний дараа Засгийн газар болон Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос өгсөн үүргийн дагуу нийслэлийн зүгээс хяналт тавьж ажиллах явдал бидэнд үлдэнэ” гэв.
Өнөөдрийн хуралдаанаар мөн Нийслэл хотын шуудын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2018 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцсэн бөгөөд уг асуудалтай холбогдуулан НИТХ дахь Ардчилсан намын бүлэг дүгнэлт гаргасан юм. Дүгнэлтэнд, “Гэр хорооллын дахин төлөвлөлт, ажлын байр нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх зэрэг их хотын иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг хурдтай хийж хэрэгжүүлэхийг иргэд хүсэж байна. Иргэдийнхээ татварын мөнгөөр цугласан хөрөнгийг албан тушаалтнууд өрөөндөө сууж хуваарилдаг биш, ач холбогдлын эрэмбээр нь тодорхойлж, төсвийн хөрөнгийг үр ашигтай, хариуцлагатай зарцуулах шаардлагатай байна” гэжээ.
Б.Болд
 
 
Холбоотой мэдээ