Монголын хоккейчид анх удаа “Asian challenge cup-2018” тэмцээний аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-04-08 09:21:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шайбтай хоккейн “Asian challenge cup-2018” тэмцээнд ОУХМ А.Мэргэн дасгалжуулагчтай Монголын шигшээ баг анх удаагаа Ази тивийн аварга болж, алтан медаль хүртлээ.

Филиппин улсын Манила хотноо Азийн хоккейн холбооны "Asian chаllenge cup
-2018" тэмцээнд Монголын хоккейчид Тайландын багийг 5:1 харьцаатай хожиж 4 тоглолтонд 3 хожиж 9 оноотойгоор тэмцээний тэргүүн байрт бичигдлээ. Тус тэмцээнд Филиппин, Сингапур, Кувейт ,Тайланд, Монгол Улсын нийт 5 баг оролцсон юм.

Монголын хоккейчид эхний тоглолтоо Сингапур улсын шигшээ багийг 5:3 хожиж, Кувейт улсын шигшээг 11:2 хожсон. Харин гурав дахь тоглолтоо талбайн эзэн Филиппинтэй хийж 6:5 хожигдсоноор 6 оноотой болсон. Мөсөн талбай дахь сүүлийн тоглолтоо Тайланд улсын шигшээ багтай тоглож 5:1 буюу 4 гоолын илүүгээр хожиж 9 оноотой болж тэргүүн байрт шалгарсан байна.

Монголын баг энэ тэмцээнээс 4 удаа хүрэл медаль хүртэж байжээ. Харин өнгөрсөн жил медалийн өнгөө хувиргаж мөнгөн медаль хүртсэн бол 2018 онд ийнхүү алтан медалийн эзэн боллоо.



А.Мэргэн дасгалжуулагчтай, Н.Мишигсүрэн ахлагчтай Монгол Улсын шайбтай хоккейн шигшээ баг 11 жилийн түүхтэй Аsian challenge cup тэмцээнд 8 дахь удаагаа оролцож байгаа бөгөөд 2013, 2014, 2015, 2016 онуудад хүрэл медаль, 2017 онд мөнгө, 2018 онд алтан медалийн эзэд болж амжилтаа бататган ахиулсаар оргилд нь гарч чаджээ.  

Монголын Хоккейн холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Б.Жавхлан ажилладаг. Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад, дасгалжуулагч А.Мэргэн бол багийн хаалгачаар №1 Б.Мөнхболд, №2 Б.Баатархүү, хамгаалагчаар №4 З.Батгэрэл, №10 Б.Болдбаяр №12 Э.Энхсүх, №16 Б.Батбаясгалан, №22 Г.Тамир, довтлогчоор №5 Э.Мөнхзаяа, №6 И.Гэрэлт, №8 Б.Эрдэнэсүх, №9 Ц.Шинэбаяр, №11 Ч.Батбилгүүн, №14 Ж.Баярсайхан, №15 Д.Мөнгөнхуяг, №17 И.Алтангэрэл, №18 Н.Мишигсүрэн /багийн ахлагч/, №19 П.Батзаяа, №22 Э.Энх-Амгалан, №24 Б.Цэрэнбалжир, №38 Э.Чулуунзориг нар тоглодог юм.
 

Д.Өлзий

関連ニュース