ТОЙМ: Хоригийг хүлээж аваагүй ч Ерөнхийлөгч дахин хориг тавихаа мэдэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрч буй долоо хоногт Монголын улс төр тэр чигтээ ирэх оны төсвөөр “амьсгаллаа”. Учир нь ирэх 2018 онд Монгол Улсын олох орлого, зарцуулах хөрөнгө гээд мөнгө, санхүүгийн бүхий л асуудлыг чиглүүлж, шийдвэрлэх Төсвийг батлах хуулийн хугацаа ирэх долоо хоногт дуусах гэж байгаа юм. Тодруулбал Төсөв батлах сүүлийн хугацаа ирэх лхагва гараг бөгөөд үүнээс өмнө амжиж батлахгүй бол УИХ тарах хуулийн заалттай. Тиймээс өнгөрөгч долоо хоногт УИХ маш шахуу хугацаанд Төсвийг хэлэлцсэн ч баталж хараахан амжсангүй. Харин 2017 оны Төсвийн тодотголд тавиад байсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж аваагүйн дүнд Хүүхдийн мөнгө банкууд руу шилжиж, төсөвт байгууллагуудын санхүүжилт орж ирлээ. Энэ мэт өнгөрөгч долоо хоногт улс төр болон нийгмийн амьдралд өрнөсөн гол үйл явдлыг тоймлон хүргэж байна.
УИХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОЁР ДАХЬ ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ
Ерөнхийлөгч Х.Баттулга 11 дүгээр сарын 3-нд Монгол Улсын 2017 оны Төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавьсан. Тэрбээр төрийн албан хаагчдад олгох 300 мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж нь Төсвийн хууль зөрчсөн, хэт үрэлгэн зардал болно гэж үзэн хориг тавьсан. Гэвч үнэн хэрэгтээ Ерөнхийлөгчийн тавьсан хориг хууль дээдлэх зарчим алдагдсан учраас хуулиа баримталж, дээдлэхийг шаардаж буйн илэрхийлэл хэмээн АН-ын бүлгийнхэн тайлбарлаж байсан юм.
Харин УИХ дахь олонхийн бүлэг буюу МАН-ын бүлэг, Хууль зүй, Төсвийн байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүйгээр шийдвэрлэлээ. Ерөнхийлөгчийн тавьсан өмнөх хоригийг УИХ мөн хүлээж аваагүй бөгөөд хоёр дахь удаагийн хоригийг хэлэлцэж буйтай холбогдуулж Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд биeчлэн оролцсон. Тэрбээр “Би хийх ажилгүйдээ хориг тавиад байгаа юм биш. 55 тэрбум төгрөг гэдэг их мөнгө. Ажлын байр нээх, цэцэрлэг сургууль барих зэрэгт эл мөнгийг төсөвлөх хэрэгтэй” гэсэн бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Төрийн албан хаагчийн цалин 1.5 их наяд төгрөг байдаг. Цалинг 10 хувиар нэмэх бүрэн бололцоотой. Нэг удаагийн тусламж үзүүлэх биш, цалинг нэмэх хэрэгтэй” гэж байв.
Зарим гишүүдийн хувьд, Ерөнхийлөгч эв нэгдлийг сахих ёстой байхад УИХ-аас гарсан шийдвэрт хоёр ч удаа хориг тавьлаа, улс орны хувьд тулгамдсан асуудал олон байхад хориг тавиад байх нь буруу гэсэн байр суурь илэрхийлсэн. Харин УИХ дахь АН-ын бүлгийнхэн хоригийг хүлээж авах шаардлагатай гэж үзэн, “ОУВС-гаас гарах хэрэгтэй. Төсвийн тодотголоор халамж хэлбэрээр мөнгө тарааж байгаа нь буруу”, “Ерөнхийлөгч хориг тавих эсэхийг УИХ-ын гишүүд шийдэхгүй. Оруулж ирсэн хоригийн зөв бурууг л шүүх ёстой” гэх зэрэг байр сууриа илэрхийлж байв.
Гэвч санал хураалтаар хоригийг хүлээж авах боломжгүй хэмээн эцсийн шийд гарч, 2017 оны Төсвийн тодотгол хүчин төгөлдөр үйлчилж эхлэв. Тухайлбал “Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталснаар төрийн албан хаагчдад олгох 300 мянган төгрөгийн буцалтгүй тусламжийн эрхзүйн үндэс бүрдэв. Гэвч тогтоолын төслийг батлах явцад нэг удаагийн урамшууллын нэр томъёог "ажлын үр дүнгийн урамшуулал" гэж өөрчилсөн юм. Ингэснээр албан хаагчдын ажлын үр дүнг үндэслэн 300 хүртэл мянган төгрөг олгох болов.
Түүнчлэн Төсвийн тодотгол хэрэгжиж эхэлснээр Сангийн яамнаас Хүүхдийн мөнгөний санхүүжилт 62.5 тэрбум төгрөгийг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын данс руу шилжүүлж эхэллээ.

Х.БАТТУЛГА: ДАХИАД Ч ХОРИГ ТАВИНА
Хэдий УИХ-ын чуулганы хуралдаанаар хоригийг хүлээж аваагүй ч Ерөнхийлөгч Х.Баттулга хуралдаанд биечлэн оролцож, УИХ-ын гишүүдэд хандан хэлсэн үг нь олны анхаарлыг татав.
Тэрбээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт тавьсан хоригийн тухайд “Үнэхээр болохгүй болоод хориг тавьсан. Энэ хүн олон удаа УИХ-д сууж, олон удаа сайдын албыг хашиж байсан. УИХ дотор юу болж байгааг дээд зэргээр мэддэг хүн. Би УИХ-д гурван удаа сонгогдож, хоёр удаа сайдын алба хашсан. Бүтээн байгуулалт, бизнес тэлэх бодлогыг явуулсан ч энэ бүлэг хүмүүст үнэхээр дарагддаг.
Одоо уул уурхай эзэмшдэг буюу Тавантолгойг тойрсон бүлэг энэ улсыг дахин удирдаж буйг энд сууж байгаа бүх хүн мэднэ. Түүний төлөөлөл Сангийн сайд болж байгаа тул эдийн засаг, бизнесийг дэмжих бодлого дээр юу ч явахгүй. Бүх бизнесийг гацаадаг. Өөрсдөд нь орж ирэх зүйл байхгүй л бол гацаадаг.
Ийм бүлэглэлийн төлөөллийг дэмжсэнд харамсаад хориг тавьсан. Хоёрдугаарт, төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг, нийт 55 тэрбум төгрөг өгөх нь өнөөдрийн нөхцөл байдалтай уялдуулахад харамсалтай шийдвэр. Хүүхдийн мөнгөнөөс бусад халамжийн бодлогоос бид өнөөдөр татгалзах ёстой. Жаахан олсон орлогоосоо халамж тарааснаар бид эдийн засагт юу хүртсэн бэ? 55 тэрбум төгрөг гэдэг бол их мөнгө. Үүгээр ажлын байрууд нээх хэрэгтэй. Болохгүй бол дутагдаад байгаа гурван ээлжтэй цэцэрлэг барих хэрэгтэй.
Тавантолгойг түрүүчийн УИХ дээр үнэгүй авах гэж оролдсон бүлэглэл дахиад гараад ирлээ. УИХ-ын дэд даргаар тавьсан хүнээ МАН-ын бүлгийн хурал эргэж хараач. Удахгүй МАН-ын их хурал болох байх. Бид дахиад чөтгөрийн тойрогт орлоо. Хэдхэн гэр бүл уул уурхайгаар баяжсан. Бусад улс төр, бизнесийн бүлэглэлийг атгачихсан, одоо яамд руу орж байна. Энэ тодорхой болсон учраас хориг тавьсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч эв нэгдлийг илэрхийлэгч боловч төрийн мөнгөөр, татвар төлөгчдийн мөнгөөр уул уурхайн хайгуулаар олсон ордуудыг хувийн эзэмшилдээ авч, их хэмжээний мөнгөтэй болоод, эргээд улс төрд орж, улс төрийг худалдаж яваа хүмүүстэй би эв нэгдэлтэй байж чадахгүй гэдгээ сонгуульд нэр дэвшиж байхдаа ч хэлсэн. Одоо ч хэлнэ, цаашдаа ч хэлнэ. Энэ байдлыг би шүүмжлээд байгаа юм. Энэ хүмүүсийн төлөөлөл хүчтэй орж ирж байгааг л анхааруулж байна.
Энд хэлсэн зүйл архивт орно. Тодорхой хугацааны дараа энэ бүхэн үнэн гэдгийг гаргаж ирэх байх. Сая Л.Энх-Амгалан гишүүн “Байдал хүнд байна” гэж ярьж байна. 65 гишүүнтэй эрх барьж байгаа нам энэ байдлаа засаж янзлах хэрэгтэй.
Эрх барьж байгаа намаас сонгогдсон УИХ-ын дэд даргын үг биш шиг зүйл яриад байх юм. Ч.Хүрэлбаатар гишүүн бас их санаа зовж ярьж байна. Та нар эрх барьж байгаа шүү дээ. Ажлаа хийнэ шүү дээ. Ажил хийж бизнесийг тэлэх талаар би яриад байгаа шүү. Хумих тухай биш. Би бүрэн эрхийнхээ дагуу хориг тавьсан. Хэрэв Монгол Улсын үндэсний эрх ашгийн эсрэг зүйл яригдаж байгаа бол дахиад хориг тавина" гэсэн юм.
Тэрбээр мөн "Удахгүй ҮАБЗ нэлээд өргөн хүрээтэй хуралдана. Оноос өмнө УИХ-ын хаалттай хурлыг зарлаж, Монгол Улс одоогийн нөхцөл байдлаас гарах гарцын талаар ярилцана гэсэн төлөвлөгөөтэй байна. Үүний наана МАН их хурлаа хийх байх. Бүлгийн шийдвэрүүдээ эргэж хараач. Миний хоригийг бас их хурал дээрээ яриач гэж хүсэх гэсэн юм. Буруу шийдвэр гаргасан шүү, Ч.Хүрэлбаатар аа” гэлээ.

2018 ОНЫ ТӨСӨВ БАТЛАХ ХУГАЦАА ДУУСАХАД ГУРВАН ХОНОГ ҮЛДЭВ
УИХ-ын байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар шахуу хуваарьтайгаар ирэх оны төсвийг хэлэлцсэн ч баталж амжсангүй. Гэхдээ ирэх оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн:
- Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл,
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл,
- Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус баталсан.

ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ТЕНДЕРИЙГ ИРЭХ ОНД ЗАРЛАХ БОЛОМЖТОЙ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч долоо хоногт БНЭУ-ын Элчин сайд Суреш Бабуг хүлээн авч уулзахдаа тус улсын 1 тэрбум ам.долларын буцалтгүй тусламжаар байгуулах Газрын тос боловсруулах үйлдвэрийн асуудлаар ярилцав.
БНЭУ-ын Ерөнхий сайд Нариндра Моди манай улсад айлчлахдаа 1 тэрбум ам.долларын буцалтгүй тусламжийг олгохоор анх шийдвэрлэсэн юм. Улмаар уг мөнгөөр Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар шийдвэрлэсэн ч зарим шалтгааны улмаас өнөөг хүртэл удаашраад байсан. Ерөнхий сайдаас өгсөн хамгийн сүүлийн мэдээллээр Хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээр, түүнд тусгасан нэмэлт өөрчлөлтийн дагуу Газрын тос боловсруулах үйлдвэрийг дамжуулах шугам хоолойн хамт барьж байгуулах нарийвчилсан ТЭЗҮ-г боловсруулж эхэлжээ.
Элчин сайд Суреш Бабу уулзалтын үеэр “Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих эдгээр төслийг хэрэгжүүлэх техникийн баг өнөөдөр /11.08/ Улаанбаатарт ирж байна, уулзалт, сургалт зохион байгуулна. Ирэх оны эхний улиралд газрын тосны үйлдвэр байгуулах тендер зарлах боломжтой” гэсэн юм. Хэрэв энэ ажил саадгүй явж, боловсруулах үйлдвэр байгуулах ажил ирэх онд эхэлж чадвал дөрвөн жилийн дараа Монгол Улс Газрын тосоо дотооддоо боловсруулах боломжтой болно.

Б.ХУРЦЫН ТОМИЛГООНЫ АСУУДЛААР НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ ЯВУУЛАХЫГ ШААРДАВ
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Хурцын томилгооны асуудлаар нэлээд ширүүн мэдэгдэл өнгөрөгч долоо хоногт хийв. Тэрбээр “Алийн болгон Хурц гэж хүнээс айж явах ёстой вэ” хэмээн эхэлж, түүний талаар хэд хэдэн ноцтой мэдээллийг өгсөн. Тодруулбал ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг хууль бусаар хүнийг гадны улс орноос хил дамнуулан авч ирсэн, С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн захиалагчийг илрүүлээгүй байж хүмүүст ял шийтгэл ногдуулсан, Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгсөн, Тагнуулын байгууллагын албан тушаалтныг хилс хэргээр шоронд хорьсон зэрэг асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол зохион байгуулж тайлбар хийх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлэв. Мөн Засгийн газрын 11 дүгээр сарын 1-ний 304 дүгээр тогтоолоор ТЕГ-ын дарга Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, өөр ажилд томилох болж, БНСУ-ын Элчин сайдаар явуулах гэж буй нь зохисгүй хэмээлээ.
Нээлттэй сонсголын хуульд УИХ-аас томилогддог албан тушаалтнуудын томилгооны асуудлаар сонсгол явуулахаар тусгасан. Томилгооны сонсголыг 19 гишүүний санаачилгаар явуулж болдог учир Б.Хурцын асуудлаар томилгооны асуудлаар сонсгол явуулах санаачилгыг УИХ-ын гишүүн миний бие албан ёсоор гаргаж байна хэмээн Ж.Батзандан гишүүн хэлсэн. Хэрэв түүний санаачилга ажил хэрэг болбол УИХ-ын чуулганд ТЕГ-ын дарга асан Б.Хурц дээрх асуудлуудаар мэдээлэл хийх бололтой.

МҮЭХ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ УЛИРААН СОНГОВ
МҮЭ-ийн холбооны ээлжит XXII Их хурал өнгөрөгч долоо хоногийн лхагва, пүрэв гарагт болж, МҮЭХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Амгаланбаатар, Б.Мягмар, Б.Гэрэлмаа нар өрсөлдөв.
Гишүүдийн дунд нууц санал хураалтаар нэр дэвшигч Ч.Гэрэлмаа нэрээ татаж, нийт 281 төлөөлөгчийн 64.1 хувийн саналаар Х.Амгаланбаатарыг МҮЭХ-ны Ерөнхийлөгчөөр улираан сонгов. Мөн үеэр МҮЭХ-ны Хяналтын хорооны гишүүдийг шинээр сонгох сонгууль боллоо. Хяналтын хорооны гишүүнээр Үйлдвэрчний Эвлэлийн гишүүн байгууллагуудаас 14 хүний нэрийг дэвшүүлжээ. Үүнээс нууц санал хураалтаар есөн хүнийг Хяналтын хорооны гишүүнээр сонгосон байна. Хяналтын хорооны даргаар Үйлдвэрчний Эвлэлийн холбооны ахлах зохион байгуулагч М.Ганхүрэлийг сонгожээ.
Багагүй хэл ам, маргаан дэгдээгээд байсан тус байгууллагын Их хурал болон ерөнхийлөгчийн сонгууль үүгээр шуударч, үйл ажиллагааны үр дүн цаашдын зорилтоо хэлэлцсэн юм.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ