Хятадын шинжээч:Орос улсад хонгилын үзүүрт гэрэл харагдаж эхэллээ

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2017-09-28 13:28:06
Өнгөрсөн оны 7 дугаар сараас хойш ОХУ-ын ДНБ тасралтгүй өссөөр байгаа бөгөөд 2017 оны эхний хагас жилд 1,6 хувиар өссөн байна. Оросын эдийн засаг алгуур өсөлтийн шинэ үе шатанд нэгэнт оржээ.
 
Олон улсын валютын сангийн тайланд дурдсанаар, Оросын эдийн засаг эхний хагас жилд сэргэж эхэлсэн байна. Тус улсын Эдийн засгийн хөгжлийн яамны тооцоолсноор, энэ онд эдийн засаг 2 хувиар өсөх бол Дэлхийн банкны таамаглалаар 1,5 хувийн өсөлт гарах аж. Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг харвал, Орос улсад нөхцөл байдал тогтворжиж, алгуур өсөлтийн шатанд гарч ирсэн байна. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Оросын эдийн засаг янз бүрийн бэрхшээл сорилтуудтай тулгарч ирсэн нь Орос-Хятадын эдийн засгийн харилцааны ирээдүйд ихээхэн нөлөөллөө.  
 
Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн үр дүн
 
ОХУ-ын Холбооны Статистикийн албаны мэдээлэлд дурдсанаар, 2016 онд тус улсын ДНБ 85 880 тэрбум рубль байсан нь өмнөх оныхоос 0,2 хувиар буурсан тоо боловч 2015 онд 2,8 хувиар буурсантай харьцуулахад илт сайжирсан үзүүлэлт юм.

Өнгөрсөн оны 7 дугаар сараас хойш Оросын ДНБ тасралтгүй өсч байгаа бөгөөд энэ оны эхний хагаст 1,6 хувийн өсөлт гарсан байна.
 
Инфляцийн түвшин өндөр байгаа нь тус улсын эдийн засгийг өсөлтийг хазаарлаж буй гол асуудал бөгөөд хөрөнгө оруулалтад саад болж буй үндсэн хүчин зүйл юм. Гэхдээ 2015 онд 12,9 хувьтай байсан инфляцийн өсөлт 2016 онд 5,4 хувь болж буурсан бол одоо 4,1 хувьтай байна. Ажилгүйдлийн түвшин тус улсын түүхэн дэх хамгийн доод үзүүлэлт рүү орлоо. Оросын Статистикийн албаны /Росстат/ мэдээллээр, 2017 оны эхний хагас жилд иргэдийн орлого буурах үйл явц зогссон байна.
 
2014 онд Орос улсад эдийн засгийн хямрал дэгдсэний гол шалтгаан нь АНУ болон Европын Холбооны зүгээс авсан хориг арга бөгөөд үүнтэй зэрэгцэн нефтийн үнэ 30 доллар болж буурсан нь нөлөөлсөн билээ. Ерөнхийлөгч В.Путины мэдэгдсэнээр бол, АНУ-ын тавьсан хоригийн улмаас Орос улс 50-52 тэрбум долларын хохирол амссан боловч барууныхны эл хориг нь Оросын эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийх үйл явцыг идэвхжүүлсэн байна.
 
Барууны хоригийн нөлөөг саармагжуулах, макро эдийн засгийг тогтворжуулах үүднээс Оросын засгийн газар “импорт орлох” бодлого явуулж, дотоодын хүнсний үйлдвэрүүдийг санхүүжүүлэх, Алс Дорнодыг хөгжүүлэх, “Дорныг чиглэсэн” бодлого явуулж эхэлсэн байна. Үүний зэрэгцээ үйлдвэр аж ахуйн газрууд байгуулах үйл явцыг хялбарчлах зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авчээ. Тухайлбал, жижиг, дунд үйлдвэрийн газруудын олж буй нэмэлт орлогод татвар ногдуулахгүй болсон, дөнгөж  байгуулагдсан жижиг, дунд үйлдвэрүүдэд хоёр жилийн хугацаанд татвар ногдуулахгүй болсон зэргийг дурдаж болно.   

Арга хэмжээ үр дүнгээ өгсөн нь
 
Хоёр жилийн өмнө Оросын эрх баригчид гадаадаас жимс ногоо худалдан авахыг хязгаарласны дараа улс орон тухайн бүтээгдэхүүнээр өөрийгөө хангаж чадахгүй болсны улмаас инфляци эрс өссөн билээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Оросын засгийн газар хөдөө аж ахуйн салбараа хөхиүлэн дэмжиж ирсний үр дүнд одоо тус улс дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадахаар болжээ.
 
Одоо нефтийн үнэ 30 доллароос доош уналаа ч гэсэн энэ нь Оросын хувьд “давж гарч боломгүй саад бэрхшээл биш болсныг” шинжээчид онцолж байна. Хямралтай тэмцсэн хоёр жилийн дараа Оросын эдийн засаг бусдаас бага хамааралтай, илүү үр ашигтай болжээ.

Өсөлтийг хэрхэн хурдасгах вэ?
 
2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр болсон “Путинтэй ярилцах цаг” шууд нэвтрүүлгийн үеэр ард иргэдийн санааг “Эдийн засгийн хямрал хэзээ дуусах вэ?” гэсэн асуулт хамгийн ихээр зовоож байлаа.
 
Энэ асуултад Путин хариулахдаа “Оросын эдийн засаг уналтын шатнаас гарч сэргэлтийн шинэ үедээ орсон” гэсэн юм. Амьжиргааны доод түвшнээс доогуур амьдарч буй орос иргэдийн тоо өссөөр байгаа учраас дээрх асуулт ард иргэдийн санааг маш ихээр зовоож байгаа юм.
 
Оросын Ерөнхийлөгчийн туслах Андрей Белоусовын ярьснаар бол, хямрал эхэлснээс хойш  ядуучуудын тоо 5 саяар нэмэгдэж, 19 саяд хүрсэн байна. Эдгээр хүмүүсийн орлого нь амьжиргааны доод түвшнээс 13 хувиар бага байгаа юм. Хямралаас өмнө энэ тоо 10 хувиас доогуур байжээ.
 
Ард иргэдийн амьдралыг хэрхэн сайжруулах вэ, үүний зэрэгцээ хямралаас хэрхэн гарах вэ? гэдэг бол Оросын засгийн газрын хувьд одоо нэн тэргүүний асуудал болоод байна. 2015 оны 5 дугаар сард ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон В.Путин эдийн засгийн өсөлтийг түргэтгэх, хүн амын өсөлтийг дэмжих, боловсролын түвшинг дээшлүүлэх, эрүүл мэнд, нийгмийн салбарыг шинэчлэхэд чиглэсэн 2020 он хүртэл хэрэгжүүлэх 200 гаруй зорилтыг дэвшүүлсэн юм. Оросын эрдэмтдийн тооцоолсноор, эдгээр зорилтыг ханган биелүүлэхийн тулд ДНБ-ний хэмжээг жилд дунджаар 5-6 хувиар өсгөх шаардлагатай болох юм.
 
АНУ болон Европын Холбооны хориг ойрын үед цуцлагдах нь юу л бол. Оросын үйлдвэрүүдийн хувьд олон улсын зах зээлд гарахад хүндрэл учирсаар байна. Тус улсын эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй болжээ. Хямралаас хойш эдийн засаг маш алгуур өсч байна. Хамгийн өөдрөг таамаглалаар ч гэсэн ДНБ-ий өсөлтийн хурд нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн дундаж хурдаас доогуур байх нь. Ийм нөхцөлд эрчимтэй өсөлтийн зам дээр хэрхэн гарч ирэх вэ? гэдэг нь Оросын засгийн газрын хувьд хамгийн хүнд хэцүү, тулгамдсан асуудлуудын нэг болоод байна.  

Орос-Хятадын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь

Хоёр орны худалдаа-эдийн засгийн харилцаа түргэн хурдацтай хөгжиж байгаа хэдий ч юуны өмнө Орос ба Хятадын хоорондох худалдааны үндсэн сувгуудыг сайжруулах хэрэгтэй байна. Оросын эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй хэвээр байгаад гол бэрхшээл оршиж байгаа юм.

Хятадын Гаалийн удирдах газрын мэдээллээр, 2017 оны 1-7 дугаар сарын хугацаанд хоёр улс 39 тэрбум долларын худалдаа хийсэн нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 25,7 хувиар өссөн үзүүлэлт юм.
 
“Дорно зүгт харах” стратегийн бодлогынхоо хүрээнд Орос улс Хятадтай стратегийн түншлэлээ гүнзгийрүүлж байгаа бөгөөд хоёр талын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа нь Оросын эдийн засгийг сэргээхэд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа юм.
 
Оросоос Хятадад 30 жилийн хугацаанд 400 тэрбум долларын өртөг бүхий байгалийн хий нийлүүлэх тухай гэрээнд хоёр тал 2014 оны 5 дугаар сард гарын үсэг зурсан билээ. 2015 оны 9 дүгээр сард Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн анхдугаар чуулганы үеэр Орос улс 200 тэрбум орчим долларын өртөг бүхий төслүүдийг хэрэгжүүлэх гэрээг Хятад болон бусад орнуудтай байгуулсан юм. Ингэснээр Владивосток нь гадаадын хөрөнгө оруулагчдад чиглэсэн хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх “тэргүүлэх хөгжлийн талбар” боллоо.
 
Өнгөрсөн он жилүүдийн хамтын ажиллагаа нь Орос болон Хятадын эдийн засаг нь бие биенээ харилцан нөхөх чадвартай гэдгийг харуулсан юм. Оросын эдийн засаг ойрын хугацаанд сэргэж эхлэх болно.  
 
У Янь (Wu Yan, ) Жэньминь жибао
 
Орчуулсан: Б.Адъяахүү
Эх сурвалж: : http://paper.people.com.cn/rmrb/html/2017-08/09/nw.D110000renmrb_20170809_1-22.htm
 
 
関連ニュース