Тэтгэврийн хуримтлал эрсдлээс хамгаалах зөөлөвч болно

ТОЙМ
ariunzaya@montsame.mn
2017-04-21 10:14:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Тэтгэврийн даатгалын сангийн алдагдал жил ирэх тусам өсч энэ хэвээр үргэлжилбэл ирэх 10 жилд 7.2 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гараад байгаа юм. Энэхүү хүндрэлийг давахын тулд Монгол Улс 2018 оноос тэтгэврийн насыг 6 сараар нэмж тооцохоор төсвийн тодотголд тусгасныг иргэдэд дарамт учруулахгүй хэмээн албаныхан тайлбарлаж байна.

Харин эдийн засагчид  өндөр насны тэтгэвэрт гарсан хойноо улсын тэтгэврээс гадна нэмэлт тэтгэвэр авах тогтолцоог бий болгох санхүүгийн салбарын дэд бүтцийг Монгол Улс хөгжүүлэх шаардлагатай гэдгийг онцолж буй юм.

Тэд 2027 он гэхэд хүн амын 17 хувь нь ахмад настан болохоос үзвэл  тэтгэврийн тогтолцоонд шинэчлэлт хийж, хөгжингүй улс орны жишээг нутагшуулах хэрэгтэй гэдэгт  санал нэгтэй байна.
Одоогийн нөхцөл байдлаар манай улсын тэтгэврийн сангийн алдагдал ирээдүйд өсөхөөр байгаа бөгөөд ирэх 30 жилд төсвөөс 102.1 их наяд гаруй төгрөг шаардагдах судалгаа гараад байгаа юм.Тэтгэвэрт гарагсдын дийлэнх нь мөнгөн хуримтлал үүсгээгүй бөгөөд цөөн тооны төрийн алба хашсан хүмүүс л 36 хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг  авч буй юм.

Үнэндээ манайд  бүх насаараа хөдөлмөр эрхэлчихээд хуримтлалгүй тэтгэвэрт гарсан хойноо үр хүүхэддээ  зээл авч өгөх жишиг тогтож байгаа нь нууц биш. Тодруулбал нийт хүн амын 10 гаруй хувийг эзэлж буй тэтгэврийн насныхан буюу 170 гаруй мянган ахмадын 90 хувь нь зээлтэй, тэдний 70 хувь нь буюу 100 мянга  нь зээлээ өөрсдөө хэрэглэж чаддаггүй гэсэн судалгаа гарчээ. Харин тэтгэврийн хэмжээг авч үзвэл 60.8 хувь нь 201-300 мянган төгрөг, 16.1 хувь нь 301-400 мянган төгрөг, 3.3 хувь нь 600 мянгаас дээш төгрөгийн тэтгэвэр авч байгаа юм. Ийнхүү ганц шатлалт тэтгэврийн тогтолцооноос хувийн тэтгэврийн санг хөгжүүлэх шаардлага гарч ирснийг дээрх баримт илтгэж байна.

ТЭТГЭВРИЙН САН ГЭЖ ЮУ ВЭ?


Хувийн тэтгэврийн анхны сан дэлхийн хоёрдугаар дайны дараа баруун Европ болон Америкт үүссэн түүхтэй. Эл сангуудын зарчим нь сайн дураар ажиллагсдыг хамруулж, үйл ажиллагаагаа тэлэх явдал байжээ. Ингэсний үр дүнд иргэд нь ажилд орох цагаасаа эхлэн насны тэтгэвэртээ бэлтгэж, хуримтлал үүсгэх нөхцөл бүрдсэн гэдэг. Эдүгээ Австрали, Голланд, Дани зэрэг улс тэтгэврийн тогтолцоогоороо дэлхийд тэргүүлж буй бол Норвеги, Швейцарь, Шведэд ажиллагсдын 90 хувь, Германд 50 гаруй хувь нь хувийн тэтгэврийн санд мөнгөө хуримтлуулдаг жишиг тогтжээ. Хувийн тэтгэврийн сан байгууллагын болон хувь хүний гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд сайн дурын болон заавал оролцох гэсэн нэр төрөлтэй аж. Түүнчлэн ажиллагсдын хуримтлал нь цалингийн 10 орчим хувьтай тэнцдэг байна.

Дээрх орнуудад хувийн тэтгэврийн санд ажил олгогчид  ажиллагсдынхаа өмнөөс хураамж төлөх зарчмаар тэдэнд илүү их хуримтлал үүсгэх нөхцөл бүрдүүлсэн нь эдүгээ тэтгэврийн тогтолцоогоор тэргүүлэх гол хүчин зүйл болжээ. Тодруулбал ажилтан, ажил олгогч тодорхой хэмжээгээр хураамж төлж, данс нээн  “Тэтгэврийн сан”-гаар удирдуулах замаар мөнгөн хөрөнгийг эргэлтэд оруулж өсгөдөг байна.

Уналтаас хамгаалах зөөлөвч бүхий хувийн тэтгэврийн тогтолцоотой хөгжингүй орнуудын хувьд өдрөөс өдөрт хуримтлал нь өссөөр байгаагийн нууц нь энэ аж. Тэд хувийн тэтгэврийн тогтолцоогоо хөгжүүлснээр эдийн засгаа тэлж, мөнгөн урсгалыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ иргэд нь ирээдүйн санхүүгийн баталгаагаа хангахуйц тэтгэвэр авч, мөнгөө аялалд зарцуулах боломжтой болсноороо онцлогтой юм.
 
АЖИЛТАН, АЖИЛ ОЛГОГЧИЙН ХУРИМТЛАЛЫН ҮР ДҮН:
 


 Хуримтлал үүсгэх дээрх тогтолцоо нь тухайн иргэнд төдийгүй улс орны эдийн засгийн хөгжилд томоохон дэмжлэг үзүүлэхээс гадна  төрийн ачааг хөнгөлөх,  өндөр настай, хөдөлмөрийн чадваргүй болсон үед нь иргэдээ амьдрах баталгаагаар хангах гол хөшүүрэг болдог байна.

Өнөөдөр  манай улсад хувийн тэтгэврийн тогтолцоог хөгжүүлэхэд  “Ард лайф” компани, Голомт банк хувь нэмрээ оруулж буй юм. Манай нөхцөлд ажилтнууд цалингаасаа 1-3 хувийг хуримтлуулан хувийн тэтгэврийн санд байршуулдаг байна. Хувийн тэтгэврийн тогтолцоогоор дамжуулан иргэддээ нийгмийн хамгааллын үйлчилгээг хүртээмжтэй хүргэж, урт хугацаанд санхүүгийн баталгаатай эх үүсвэрийг бий болгох нөхцлийг монголчуудад тавихаар суурь нь үүсээд байна.

Тэтгэврийн сангийн нийт актив нь хувь хүмүүс болон тэдгээрийн ажил олгогчоос оруулсан хуримтлал, хураамжаас бүрдэх юм.  Хувийн тэтгэврийн сан нь олон улсад тусгайлан бие даасан хуулийн этгээд сан, корпораци хэлбэрээр болон хуулийн этгээдийн эрхгүйгээр байгуулагддаг бөгөөд тухайн улсын төр захиргааны байгууллага нь татварын бодлогоор дэмждэг байна. 

Хувийн тэтгэврийн сангийн өгөөжийг тооцвол, 692.3 мянган төгрөгийн цалинтай иргэн сар бүр 14 хувь буюу 96.9 мянган төгрөгийн тэтгэврийн шимтгэл төлж буй бол 30 жилийн туршид хамгийн багаар буюу жилийн 12 хувийн хүүтэй хуримтлууллаа гэхэд 342.1 сая төгрөгтэй болох боломжтой аж. Мөн ажилтан тэтгэвэрт гарсны дараа гэнэтийн тохиолдлоор насан эцэслэхэд үр хүүхэд нь уг мөнгийг өвлөх боломжтой гэдгээрээ давуу талтай юм байна.

 САР БҮР ХУРИМТЛАЛ ҮҮСГЭХ БОЛОМЖ:



 Ихэнх иргэдийн дунд хувийн тэтгэврийн сан дампуурах вий гэсэн болгоомжлол бий. Тэгвэл мэргэжилтнүүд олон улсын жишгээр хууль эрхзүйн орчноо баталгаажуулж,  мэргэжлийн багаар удирдуулан хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах, банкны систем,  бонд зэрэг санхүүгийн бүх хөшүүргүүдийг  ашиглаж зах зээлийн зарчмаар ажиллавал эрсдлээс холуур өнгөрнө хэмээн тодотгож байна.

 Гагцхүү хувийн тэтгэврийн дансандаа хуримтлалтай болж, үүнийгээ тэтгэвэрт гарсны дараа нэмэлт орлого хэлбэрээр зарцуулах тогтолцоог бий болговол нийгмийн халамжийг дэмжихийн зэрэгцээ эдийн засгаа тэлж төрийн ачааг хөнгөлнө гэдгийг эдийн засагчид онцолж байна.
 Б.Ариунзаяа
関連ニュース