ӨВӨРХАНГАЙ: “Тэмээчдийн баяр - 2025” бүсийн уралдаан Гучин-Ус суманд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-12-12 19:39:44

Арвайхээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. БНМАУ-ын анхны аварга тэмээчин Д.Гэндэнгийн нэрэмжит “Тэмээчдийн баяр - 2025 бүсийн уралдаан 12 дугаар сарын 20, 21-нд Гучин-Ус суманд болно.

Энэ үеэр атан тэмээ, тайлган тэмээ, торомны уралдаан, богино зайн уралдаан,  тэмээн дээрээс шагай шүүрэх, багийн буухиа тэмцээн, шилмэл буур, шилмэл ингэ, сайхан ат, ганган хос шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулах юм.


Одоогоор говийн бүсийн таван аймгийн тэмээчид бүртгүүлээд байгаагийн дотор улсын алдарт уяачид оролцохоор байна. 2024 оноос эхлэн тэмээчдэд “Улсын алдарт уяач” цол олгож эхэлсэн бөгөөд одоогоор долоон тэмээчин энэхүү цолыг хүртжээ.

Ташрамд дурдахад, Гучин-Ус сумын уугуул, БНМАУ-ын аварга тэмээчин Д.Гэндэн нь бага наснаасаа мал маллаж, нэгдлийн анхны гишүүнээр элсэн олон жилийн туршид тэмээг өсгөн үржүүлж байв. Тэрээр 1963 онд 50 ингэнээс 50 ботго бойжуулж, 4200 литр сүү, 653 кг ноос ашигласан амжилтаараа улсын аваргын болзол хангаж байжээ. 

関連ニュース