ХОВД: Аймгийн төвийн авто зам, зогсоолыг шинэчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-12-08 12:25:11

Жаргалант, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төв буюу Жаргалант суманд авто зам, зогсоолыг шинэчлэх ажил үе шаттай үргэлжилж байна.  

Уг ажлыг орон нутгийн төсвийн 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар долоон байршилд гүйцэтгэнэ. Ингэхдээ даацын хавтан ашиглан чанар, стандартын шаардлагыг сайжруулахад анхаарч байгаа юм.

Одоогийн байдлаар Прогресс сургуулийн авто замаас Домбот хотхон чиглэлд барьсан 400 метр авто зам, төв захын доод талын уулзвараас Голомт банкны байр хүртэлх авто замын зогсоолын 2284 мкв талбайн засварыг бүрэн дуусаж, байнгын ашиглалтад орууллаа. 

Харин Жаргалант өрхийн эмнэлгээс БОЭТ хүртэлх 210 метр, гуравдугаар сургуулийн дээд хэсгийн хороолол хүртэлх 400 метр, хүүхдийн номын өргөөнөөс өөлдийн хороолол хүртэлх 340 метр авто замын засвар шинэчлэлтийн ажил 90 гаруй хувьтай явж байна.

Ирэх онд бусад авто зам, авто зогсоолын ажил болох төв захын урд уулзвараас /захын дээд тал/ Билгүүн төв хүртэлх 415 метр авто зам, Нутгийн удирдлагын ордны авто зогсоолын 4975 мкв талбайг шинэчлэхээр төлөвлөжээ.

Энэ нь орчны тохижилтыг сайжруулах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, авто замын зорчих хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой.  

関連ニュース