Европын Холбоо ба Африк түншлэлдээ “шинэ боломжуудыг нээнэ”
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛУАНДА, 2025 оны арваннэгдүгээр сарын 26 /DW/. Европын Холбоо (ЕХ) болон Африкийн Холбооны (АХ) улс орнуудын удирдагчид хоёр тив илүү нягт хамтран ажиллах нь чухал гэж үзэж байна. "Бид ирээдүйгээ харан түншлэлээ цаашид улам хөгжүүлж, шинэ боломжуудыг нээхээр шийдвэрлэлээ” гэж Анголын нийслэл Луанда хотод болсон хоёр өдрийн дээд түвшний уулзалтын дараа мягмар гарагт буюу өчигдөр нийтэлсэн ЕХ, АХ-ны хамтарсан мэдэгдэлд дурджээ.
Энэхүү баримт бичигт эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагаанд онцгой анхаарал хандуулжээ. Тунхаглалд мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээг санхүүжүүлэх, Африкт сэргээгдэх эрчим хүчийг дэмжих зэрэг талуудын өмнө нь хүлээсэн үүрэг амлалтуудыг дурдсан байна.
Хоёр байгууллага мөн дэлхий даяарх зөрчил мөргөлдөөнүүдийг зохицуулах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэжээ. "Бид Украин, Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэр, Судан, Өмнөд Судан, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (БНАУ), Сахель, Сомалид болон дэлхий даяарх бусад дайн, мөргөлдөөнийг тайван замаар шийдвэрлэж, шударга, бат бөх энх тайван тогтоохыг тууштай дэмжиж байгаагаа дахин нотолж байна" гэж хамтарсан мэдэгдэлд дурджээ.
Түүнчлэн Суданы Хойд Дарфур муж дахь нөхцөл байдалд “гүнээ санаа зовниж” буйгаа илэрхийлжээ. “Шуурхай хариу арга хэмжээ авах хүчин (RSF) саяхан Эль-Фашер хотыг эзлэн авсны дараа үйлдэгдсэн харгислалыг бид буруушааж байна. Мөн Судан даяар зэвсэгт мөргөлдөөнийг яаралтай зогсоож, хүмүүнлэгийн тусламжийг саадгүй хүргэхийг уриалж байна" гэж тунхагт дурдсан байна.
Хоёр тал хоёул ардчилал, сайн засаглал, хууль дээдлэх ёс, хүний эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг дэмжиж байгаагаа дахин мэдэгдсэн хэдий ч одоо гарч байгаа хүний эрхийг зөрчил, Африкийн олон оронд улс төрийн өрсөлдөгчдөө хэрхэн намнаж байгааг, түүнчлэн эсэргүүцлийг дарахын тулд хүч хэрэглэж байгааг, эсвэл Африкийн бараг бүх оронд ижил хүйстнүүд эрүүгийн хэрэгт татагдаж байгаа талаар хамтарсан мэдэгдэлд дурдагдсангүй гэж dpa агентлаг мэдээлжээ.
Ulaanbaatar