Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээнийг УИХ-ын даргын ивээл дор гурван үе шаттай зохион байгуулах гэж байна.
Энэ удаагийн тэмцээнд Монголын
шатрын холбооны рейтингийн жагсаалтаар чансаа нь 2000-аас хэтрээгүй (эмэгтэй
шатарчны чансаа 1800 хүртэл), шатрын спортын улсын цолгүй, 25 нас хүрсэн шатар
сонирхогч оролцох юм. Эхний шатны тэмцээн ирэх сарын 6-7-нд орон даяар нэгэн зэрэг болж, сум, дүүргийн аваргыг шалгаруулна. Уг тэмцээнээс сум бүр эрэгтэй 2,
эмэгтэй 1, дүүрэг бүр эрэгтэй 6, эмэгтэй 3 оролцогчийг шалгаруулж,
хагас шигшээ шатны тэмцээнд оролцуулах
юм.
Хоёр дахь шат буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах хагас шигшээ
тэмцээнийг ирэх сарын 20-21-нд зохион байгуулж, аймаг бүрээс эрэгтэй 2,
эмэгтэй 1, нийслэлээс эрэгтэй 12, эмэгтэй 6 шатарчинг шалгаруулна. Тэдгээр
тамирчин Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох юм.
Шигшээ тэмцээнийг УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран ирэх оны нэгдүгээр сарын 10-11-нд Төрийн ордонд зохион байгуулж, улсын аваргыг тодруулна. Улсын хэмжээнд зохион байгуулдаг энэхүү тэмцээнд давхардсан тоогоор 6000 гаруй шатар сонирхогч оролцдог.
Бүх шатны тэмцээнийг Олон улсын
шатрын холбооны болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу зохион байгуулж,
үндэсний рейтинг бодон чансаа тооцож,
тэргүүлсэн тамирчдад шатрын спортын дэд мастер цол олгох аж.
Ulaanbaatar