Гандан орчмыг ногоон байгууламж бүхий жишиг гудамж болгон тохижуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-20 13:53:40

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Гандан орчмыг жишиг гудамж болгон тохижуулна.


НЗДТГ-ын мэдээлснээр, уг тохижилтын ажилтай холбоотой 55 айлын газрыг чөлөөлөх юм. Үүнээс 35 айлын газрыг чөлөөлөөд байна. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллажээ.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Гандангийн дэнжийн гэр хорооллын болон инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй барилга байгууламж, айл өрхийн газрыг чөлөөлөх шийдвэр гаргасан. Гандангийн дэнжид 1300 орчим өрх бий. Үүнээс инженерийн шугам сүлжээнд огт холбогдоогүй, галлагаатай 550 айл байна. Агаарын бохирдлыг бууруулах хамгийн гол хүчин зүйл бол галлагаатай айл өрхийн газрыг чөлөөлж, шинээр дахин төлөвлөх байдаг. Энэ жилдээ 55 айлтай газар чөлөөлөлтийн гэрээ хэлцэл хийж дуусгахаар төлөвлөж байна. Бид чөлөөлсөн газарт барилга байгууламж барихгүй. Харин ногоон байгууламж бүхий зурвас үүсгэж, тохижуулна. Тохижуулснаар Урт цагаанаас Гандангийн зүүн хаалга хүртэл явган зорчигчид автомашины хөдөлгөөнтэй давхцалгүй зорчих боломжтой болно” гэв.


Мөн Улаанбаатар хотод гэр хороолол орчмын газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэх юм.


Сүхбаатар дүүргийн Ногоон нуур орчмыг ирэх жил тохижуулна. Сонгинохайрхан дүүрэгт Ханын материал орчимд 236 нэгж талбар чөлөөлөхөөс гурван айл үлдээд байна. Сонгинохайрхан дүүргийн 4, 8, 9, 10, 41 дүгээр хороонд газар чөлөөлж байгаа аж.

Ирэх жил Чингэлтэй дүүргийн Зургаан буудлаас наашаа газруудыг чөлөөлнө. Сүхбаатар дүүрэг, Дамбадаржаа орчмын газар чөлөөлөлтийг хийж, Баянзүрх дүүрэгт Цайз, Шархад орчимд газар чөлөөлөлт хийнэ. Яармагийн 34 дүгээр сургууль орчмын газар чөлөөлөх төлөвлөгөөг гаргаад байна. 


関連ニュース