ЗАВХАН: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогод 15 мянга гаруй үзмэр хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-11-04 16:09:15

Улиастай, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Завхан аймагт түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 28.72 хувьтай байна.


Засгийн газрын 2018 оны 184 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралтаар баталсан "Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого хийх журам", Соёлын сайдын 2023 оны А/317 дугаар тушаал, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны А/253 тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор улсын тооллогыг хийж байна.


10 дугаар сарын 8-наас эхэлсэн тус тооллогыг Завхан аймгийн засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн А/287 дугаар захирамжаар байгуулсан зохион байгуулах комисс хийж буй юм. Өнөөдрийн байдлаар 18 сум, аймгийн музейн шашны танхимын үзмэрүүдийг тооллогод хамруулсан байна. Отгон, Шилүүстэй, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Цэцэн-Уул, Сантмаргаз, Сонгино, Түдэвтэй, Баянхайрхан, Тэс, Баянтэс, Асгат, Нөмрөг, Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Эрдэнэхайрхан сумын 1366 дэсийн 2901 үзмэрийг тоолжээ.


Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогыг зохион байгуулснаар нэн яаралтай сэргээн засварлах шаардлагатай хөдлөх дурсгалын жагсаалтыг гаргах юм.


Мөн сумдад байгаа тухайн дурсгалт зүйлийн шинж чанар, бүрэн бүтэн байдалд хяналт тавих, эерэг болон сөрөг нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тодорхойлох. Аймгийн хөдлөх дурсгалт зүйлийн нэгдсэн тоон дүн болон тооллогын мөрөөр авах арга хэмжээний санал боловсруулах зэрэг үр дүн, ач холбогдолтой юм. Түүнчлэн энэ үеэр түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн бүрэн бүтэн байдал, хадгалалтад зөвлөн тусалж байна. Улсын тооллого Завхан аймгийн хэмжээнд  28.72 хувьтай байна.


Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл гэдэг нь төрөөс соёлын өвийг хадгалж, хамгаалах бодлогын хүрээнд түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлүүдээс шилж сонгон байгаль шинжлэл хийгээд түүхийн шинжлэх ухаанд шинэ нээлт болсон. Нийгэм, түүх, соёл, урлаг гоо зүй, шинжлэх ухааны үнэ цэн, ач холбогдолтой, улс орон, бүс нутаг, дэлхийн хэмжээнд дахин давтагдашгүй цор ганц, нэн ховор нандин эсхүл урлагийн өндөр түвшинд хийж бүтээгдсэн зэргийг нь чухалчлан зэрэглэл тогтоон ангилдаг дурсгалт зүйлүүдийг хэлнэ. Зэрэглэл тогтоон ангилдаг түүх соёлын хосгүй үнэт дурсгалуудыг байгалийн өвийн, археологийн, түүх-угсаатны зүйн, шашны холбогдолтой болон урлагийн зэрэг төрөл зүйлд хамаардаг юм.


Завхан аймгийн хувьд түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогод нийт 4756 дэсийн 15604 үзмэр хамрагдана. Улсын тооллого говийн бүсийн сумдад үргэлжилж байна хэмээн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Цэрэндулам ярилаа.


Улсын тооллогын явц. Завхан аймгийн музей, Шашны танхим


Сумдын үзмэрийг бүртгэж буй нь


関連ニュース