АРХАНГАЙ: Тав хүртэлх насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн аль нэгийг цахимаар ажиллуулах чиглэл өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн удирдах ажилтны зөвлөгөөнийг өнөөдөр сумдын удирдлагуудыг хамруулан өргөтгөсөн байдлаар зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр 2025 оны 9 дүгээр сарын үүрэг даалгаврын хэрэгжилт мөн төрийн байгууллага, албан
тушаалтанд иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол, Засгийн газрын 1111 төв болон
аймгийн ЗДТГ-ын 70331111 утсанд ирсэн өргөдөл гомдлын мэдээ, шийдвэрлэлт, өвөлжилтийн бэлтгэл ажил, эрүүл мэндийн болон цагдаа, статистикийн мэдээллүүдийг
холбогдох газрын дарга нар илтгэлээ.
Зөвлөгөөний
төгсгөлд аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид цаг үеийн мэдээлэл өгч, хэлтэс, агентлаг, байгууллага,
сумдын удирдлагуудад:
-Багш нарын ажил хаялт
зохион байгуулах хугацаанд хүүхэд хамгааллын ажлыг эрчимжүүлж, шаардлагатай
тохиолдолд 5 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн аль нэгийг цахимаар ажиллуулах,
-2026 оныг боловсролыг дэмжих жил
болгон зарласантай холбогдуулан сум бүр 2026 онд боловсролын салбарт тодорхой
үр дүнтэй хөрөнгө оруулалтын болон бусад үйл ажиллагааг зохион байгуулах
төлөвлөгөө гаргах,
-Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалтад тогтмол хяналт тавих, зээлийн
үлдэгдлийг төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлэх,
-Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах тухай албан даалгавруудын хангалтгүй, дутуу хэрэгжүүлсэн ажлуудыг яаралтай зохион байгуулах зэрэг үүрэг даалгаврууд өглөө.

Ulaanbaatar