Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт холбогдуулан хоёр сэжигтнийг баривчилсан талаар шүүх, цагдаагийн байгууллагын ажилтнууд ням гарагт мэдэгджээ. Уг хэрэг дэлхий нийтийг цочирдуулсан билээ.
Парисын Прокурорын газраас мэдээлснээр, мөрдөгчид бямба гаргийн орой сэжигтнүүдийг баривчилсан бөгөөд тэдний нэг нь Парисын Шарль де Голлийн нисэх онгоцны буудлаас нисэхээр зэхэж байжээ. Францын “BFM” телевиз болон “Le Parisien” сонинд хоёр сэжигтнийг баривчилж саатуулсан тухай өмнө нь мэдээлсэн байна. Парисын прокурор Лоре Бекка ямар нэгэн үнэт эдлэл олдсон эсэхийг дурдаагүй байна.
Хэрэг явдлын талаар олон нийтэд мэдээлэх эрхгүй цагдаагийн ажилтан “Associated Press” агентлагт мэдээлэхдээ, өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан 30 орчим насны хоёр эрэгтэйг баривчилсан гэжээ. Түүний хэлснээр, нэг сэжигтнийг Алжир руу нисэх гэж байхад нь баривчилсан байна. Түүнчлэн сэжигтнүүдийн нэгийг нь ДНХ-ийн ул мөрөөр олж тогтоосон гэдгийг нэмж хэлжээ. Өнгөрсөн долоо хоногийн эхээр Л.Бекка мэдэгдэхдээ, шүүх эмнэлгийн мэргэжилтнүүд хэргийн газраас цуглуулсан 150 дээжийг шинжилж байгаа гэсэн юм.
Ulaanbaatar