Умард Солонгос 2.8 тэрбум ам.долларын криптовалют хулгайлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 24 /NHK/. Умард Солонгос 2024 оноос 2025 оны есдүгээр сарын хооронд дэлхийн өнцөг булан бүрээс 2.8 тэрбум орчим ам.долларын үнэ бүхий криптовалют хулгайлсан гэж тус улсад авсан НҮБ-ын хориг арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг хянаж буй олон улсын баг мэдэгджээ.
Япон, АНУ, Өмнөд Солонгос зэрэг нийт 11 орны төлөөлөгчдөөс бүрдсэн Олон талт хориг арга
хэмжээний хяналтын багийн /MSMT/ лхагва
гарагт нийтэлсэн тайланд энэ талаар бичсэн байна. Тайланд дурдсанаар, Умард Солонгосын цахим
халдлага үйлдэгчид АНЭУ-ын “Bybit”, Японы “DMM Bitcoin” зэрэг дэлхийн томоохон
криптовалютын биржүүдэд нэвтэрч, хулгай хийжээ.
Түүнчлэн АНУ, Их Британи, Өмнөд Солонгос болон бусад орноос цөмийн байгууламж, шумбагч онгоцнуудын талаарх мэдээллийг авахыг оролдсон гэдгийг дурджээ. Мөн Өмнөд Солонгосоос хулгайлсан технологийг Умард Солонгосын тагнуулын хиймэл дагуул, шумбагч онгоцноос харвадаг баллистик пуужингуудыг хөгжүүлэхэд ашигласан гэж дурдсан байна.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Шинжээчдийн зөвлөлийг Орос хориг тавьсны улмаас 2024 оны дөрөвдүгээр сард татан буулгасны дараа MSMT багийг тухайн оны 10 дугаар сард Умард Солонгосын эсрэг НҮБ-ын хориг арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг хянах зорилгоор байгуулжээ.
“НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг зөрчиж, үүргээ биелүүлэхээс зайлсхийж байгааг харгалзан үзсэний үндсэн дээр бид Шинжээчдийн зөвлөлийг татан буулгахаас өмнөх бүтэц бүрэлдэхүүнээр нь дахин байгуулахыг Аюулгүйн Зөвлөлд уриалж байна” гэж MSMT-ийн лхагва гарагт гаргасан хамтарсан мэдэгдэлд тэмдэглэжээ.
Ulaanbaatar