Европын Холбоо жолооны эрх олгох журмыг шинэчилнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 22 /KAZINFORM/. Жолооны эрх олгох, түүнийг ашиглах тал дээр хийх томоохон өөрчлөлтүүдийг Европын парламент хэлэлцэж байна.
Өөрчлөлтүүдийг баталсан тохиолдолд
Европын Холбооны гишүүн орнуудын засгийн газрууд шинэ дүрэм журмыг батлах бөгөөд
энэ нь шинэ болон туршлагатай бүх жолоочид хамаарах ажээ.
Гол өөрчлөлтүүд:
- Жолооны эрхийг цуцлах тухай шийдвэр ЕХ-ны нийт дэвсгэрт хэрэгжинэ. Тодруулбал, хэрвээ жолооны эрхийг нь холбооны гишүүн аль нэг улсад цуцалсан бол тухайн хүн бусад гишүүн улсын нутаг дэвсгэрт ч жолоо барих эрхгүй. Үүнийг мөрдөхийн тулд үндэсний агентлагууд хоорондоо мэдээлэл солилцоно.
- Жолооны эрхийг цахим болгоно. Өөрөөр хэлбэл, шинэ жолооны үнэмлэхийг ухаалаг гар утсаараа үзүүлж болох бөгөөд энэ нь ялангуяа залуучуудад амар дөхөм байх болно.
- 17 наснаас эхлэн жолоо барихыг ЕХ-ы бүх гишүүн улсад зөвшөөрөх бөгөөд үүний сацуу шинэ жолооч нар 2 жилийн туршилтын хугацааг заавал дуусгах ёстой.
- Ахимаг настнуудыг эмнэлгийн үзлэгт заавал хамруулах шаардлагагүй. Өндөр настай жолооч нарыг эмнэлгийн үзлэгт оруулах асуудлыг хэлэлцэж байсан боловч энэ заалт дүнгийн баримт бичигт орсонгүй. Гэхдээ зарим улс орнууд үндэсний хэмжээнд дүрэм журмыг гаргаж болох ажээ.
- Мэргэжлийн жолооч нарт жолооны
эрхийг 18 наснаас эхлэн олгоно. Ажиллах хүчний хомсдолын асуудлыг шийдвэрлэхийн
тулд ачааны машин жолоодох эрхийг 18 наснаас, автобус жолоодох эрхийг 21
наснаас олгоно.
Энэ бүх арга хэмжээ нь замын
хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, орчин үед үүссэн нөхцөл байдалд хууль
тогтоомжийг тохируулан өөрчлөхөд чиглэжээ.