ХОВД: Баруун бүсийн шилдэг гарааны бизнесийг шалгаруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Баруун бүсийн шилдэг гарааны бизнес төслийг өнөөдөр шалгаруулна.
Баруун бүсийн хөгжлийн зорилго чиглэлд нийцсэн, шинэ технологи, инновацад суурилсан шинэлэг санал санаачилгыг дэмжих, гарааны бизнесүүдийг ногоон ажлын байр болгон хөгжүүлэх, залуу энтрепренер болон бодлого тодорхойлогчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бизнес эрхлэх орчныг сайжруулах, дэвшилтэт шийдлүүдийг орон нутагт нутагшуулах зорилгоор “Шилдэг старт ап” буюу гарааны бизнес төсөл шалгаруулах үйл ажиллагаа Ховд аймагт болж байна.
Тус үйл ажиллагааг "Старт ап Монгол" ТББ, баруун бүсийн таван аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хамтран зохион байгуулж байгаа юм. Үүнд Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгаас шалгарсан 15-34 насны 30 орчим залуус бүтээлээрээ оролцож, гарааны бизнесээ өргөжүүлэх шинэлэг санаагаараа өрсөлдөж байна.
Тус үйл ажиллагаа энэ сарын 7-нд сургалтаар эхэлсэн бөгөөд баруун бүсийн шилдэг гарааны бизнес төслийн эздийг өнөөдөр тодруулж, шагнал гардуулна. Ингэхдээ шилдэг гурван бизнес төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
Эхний байрт шалгарсан төсөлд 20 сая, хоёрдугаар байрт 17 сая, гуравдугаар байрт шалгарсан оролцогчид 13 сая төгрөгийг гурван жил буюу 36 сарын хугацаанд 50 хувь эргэн төлөх нөхцөлтэй олгох юм.