Шинэ цэвэрлэх байгууламж хоногт 3400-3800 шоо метр ус цэвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-15 11:37:45

Ховд аймаг дахь цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын гүйцэтгэгчээр "Тулга" ХХК шалгарч 2012 онд ажлаа эхэлсэн боловч төсөв санхүүгийн хүндрэлээс үүдэн жил дамнан явсаар энэ оны 11 сарын 14-нд  ашиглалтад орж улсын комисс хүлээж авлаа.

Шинэ цэвэрлэх байгууламжийн нээлтэд Ховд аймгийн засаг дарга Д.Галсандондог, аймгийн засаг даргын орлогч Ш.Батсүх, болон холбогдох салбарын хүмүүс тус бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцсан юм.

Ховд аймагт Цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор олон давуу тал бүрдэж байна. Тус цэвэрлэх байгууламж нь 7000 м куб хүчин чадалтай бөгөөд хоногт 3400-3800 м куб усыг цэвэрлэх юм байна.

Бохир усыг цэвэрлэхдээ механик арга, халдаваргүйжүүлэх арга, байгалийн арга, биологийн арга зэрэг  дөрвөн дамжлагаар шүүж, идэвхтэй бактерийг устгаж бүрэн цэвэрлэнэ гэдгийг инженер техникийн албаныхан онцолж байлаа.

Цэвэрлэх байгууламжид SJC хлорын төхөөрөмжийг бас суурилуулжээ. Энэ нь АНУ-ын дэвшилтэд технологи дээр түшиглэн олон удаагийн туршилт судалгааны үндсэн дээр бий болгосон төхөөрөмж юм.

Гүйцэтгэгч Ховд аймгийн "Тулга" ХХК-нийн хувьд барилга байгууламжийн ажлаа барьж дуусаад 45 хоногийн хугацаанд туршилт хийсний дараагаар ийнхүү улсын комисст хүлээлгэн өгч байна. Барилгын тухай хуульд зааснаар ямар нэгэн бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн ХХК баталгаат хугацаа өгдөг. Тэгвэл тус ХХК гурван жилийн баталгаа өгч байгаа юм. Энэ хугацаанд эвдрэл гэмтэл гарвал гүйцэтгэгч ХХК хариуцна гэдгээ ч мэдэгдлээ.

Хуучин цэвэрлэх байгууламж хүчин чадал багатайн улмаас бохир хальж Буянт гол руугаа ордог, хүн амын эрүүл аюулгүй амьдрах орчинд хохирол учруулж, зарим ногоочдын талбайд бохир ус орж хэл ам тасралгүй олон жилийн нүүр үзэж ирсэн юм.

  А.Бямбасүрэн

関連ニュース