ГОВЬ-АЛТАЙ: Цэрэг татлага эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-10-03 13:49:18

Говь-Алтай, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. 2025 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ. Өнөөдөр Есөнбулаг сумын 10 багийн 19-26 насны 80 залуу эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байна. 


2025 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагад хоёрдугаар цэргийн бэлтгэл үүрэгтэн буюу 19-26 насны залуус хамрагдах бөгөөд дуудсан цагт, тогтоосон газарт өөрийн биеэр хүрэлцэн ирж эрүүл мэндийн үзлэгт заавал хамрагдах ёстой.


Цэргийн зарлан дуудах хуудас авсан иргэд тухайн харьяаллынхаа ЭМТ-д цусны ерөнхий, биохими, ДОХ, тэмбүүгийн шинжилгээг заавал өгөх бөгөөд шинжилгээний хариугаа үзлэгт орох өдрөө авч ирнэ. Мөн цэрэг татлагаар ирж байгаа залуус иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, цээж зураг зэрэг холбогдох бичиг баримтыг биедээ авч ирэхийг анхаарууллаа. 


Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн заасан газар, тогтоосон цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол “Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг” гэж үзэж Зөрчлийн болон Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцдог байна.


Сонирхуулахад, зонхилон тохиолдох өвчлөлийг авч үзвэл даралт ихсэх, бөөрний эмгэг, элэгний В, С вирус, чихрийн шижин гэх мэт дотрын өвчлөл, гадны шалтгаант мөчдийн хугарал, үе барьцалдах эмгэг, мэс засал тэргүүлж байна. Үүний сацуу чих хамар хоолой, мэдрэл, арьс харшлын эмгэг дийлэнх хувийг эзэлжээ.

関連ニュース