ХОВД: 4000 орчим сурагчид зөөврийн номоор үйлчиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-09-20 18:46:29

Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Номын баярыг тохиолдуулан Ховд аймагт 20 гаруй нөлөөллийн ажил, уралдаан зохион байгуулжээ.

"Үндэсний бичиг соёл, номын өдрүүд" буюу номын баярыг өмнө нь Ховд аймагт нэгдсэн байдлаар зохион байгуулж байсан.  Тэгвэл энэ удаа бүх нийтийн уншлагыг дэмжиж, хүүхэд бүрийг номтой нөхөрлүүлэх чиглэлд  анхаарч, Ховд аймгийн Нийтийн номын сангаас долоо хоногийн хугацаанд нөлөөллийн ажил өрнүүллээ. 

Тодруулбал, “Номтой зочин” аяны хүрээнд 4000 орчим сурагчид зөөврийн номоор үйлчилжээ.  

Мөн хамгийн алслагдсан бүсэд орших Булган, Үенч, Алтай суманд ажиллаж, орон нутгийн иргэд, хүүхэд, залууст номыг хэрхэн үр дүнтэй унших талаар зөвлөмж, мэдээлэл өглөө. 

Түүнчлэн "Номын гэгээ" цахим  уралдаан зохион байгуулж, ном унших соёлыг хэвшүүлсэн шилдэг анги хамт олныг өчигдөр тодрууллаа. Уралдаанд Жаргалант сумын eрөнхий боловсролын долоодугаар сургуулийн Д.Нямжав багштай 5б анги, хоёрдугаар сургуулийн А.Лхайжав багштай 6в анги, Цаст-Алтай сургуулийн Б.Хишигдулам багштай 5б анги тус тус манлайлсан юм.  

Ховд аймгийн Нийтийн номын сан одоогоор 75 мянга гаруй номтой. Тус номын сангаар жилд дунджаар 44 мянга гаруй иргэн үйлчлүүлж байна.


Эдгээр уншигчийн 80 гаруй хувь нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид юм. 

関連ニュース